images

“Аавдаа би хайртай”


     Яруу найрагч Х.Чилаажав 1990 онд Жаргалантын сангийн аж ахуйд оюутны намрын ажил хийж байв. Гэтэл хоёр өдөр усан бороо орж ажил нь хойшилж, байрандаа амарч байсан хүүд “Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан иржээ. Хүндхэн мэдээ дуулсан залуу цонхоор нутгийн зүг ширтэн сууна. Гадаа бороо шивэрсээр, залуу аавыгаа бодсоор

“Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай” хэмээн бичив. Тэр өдрийн тэнгэр, уйт мэдээ, аавыгаа бодож хайрласан сэтгэл “Аавдаа би хайртай” шүлэг болох нь тэр ээ. Дараа нь зохиолч энэ шүлгээ “Алтан сар” яруу найргийн номдоо оруулсан байна. Түүнийг нь найман жилийн дараа 1998 онд хөгжмийн зохиолч С.Ишхүү олж үзээд ая хийж, “Хурд” хамтлагийнхан дуулжээ. Тэгэхэд С.Ишхүү тус хамтлагийн дуунуудад хөгжим хийдэг байсан аж. Ингэж л Х.Чилаажав “Аавдаа би хайртай” шүлгээрээ С.Ишхүү, “Хурд”-ынхантай анх танилцаж, дараа нь “Буцааж нэхэхгүй хайр”, “Бүсгүй” хэмээх хоёр дууг хамтран бүтээсэн юм.