images

Тусгаар тогтнолын төлөөх түүхэн үйл явдалд оролцсон минь


Ховд аймгийн Чандмань сумын өндөр настан Д.Пүрэвжав гуай хуучилсан нь

     Миний бие 1927 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1938 оноос монгол бичиг сурч шинэ үсгийн багш бэлтгэх 21 хоногийн дамжаа дүүргэн 16 – 19 нас хүртлээ Чандмань сумын 1 дүгээр багийн орлогч даргаар ажилласан юм. 1946 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголчууд тусгаар тогтносон Бүгд найрамдах улс гэдгээ зарлаж 24 цагийн дотор иргэн бүр гарын үсгээ зурж санал өгөх кампаант ажил улс орон даяар өрнөлөө. Сум багийн хэмжээгээр туг лоозон хийсгэн мандуулж, уриа ухуулга өрнүүлэн Монгол, Зөвлөлтийн удирдагчдийн хөргийн хүндэтгэлтэйгээр байрлуулах зэргээр баяр хөөр болж байв. Санал өгсөн өдөр манай сумын 1, 2 дугаар багийн ард түмэн нэгдэн Тахилт хэмээх газар жижиг наадам хийж бөх барилдаж морь уралдуулан, уриа хашгирч ихэд хөгжилдөн байсан юм. Санал авч дууссаны дараагаар саналын хуудсыг сумын төвд хүргэхээр тэргүүний малчин Т.Рагчаа гуайн хамт миний бие хөтөлгөө морьтой сумын төв рүү гарлаа. Замдаа саатах, тэр ч байтугай алхуулж явахыг хатуу хориглож зөвхөн морины давхиагаар явах даалгавар авлаа билээ. Яаравчлан давхисаар саналыг хүргэж очиход сумын дарга Ванчинсүрэн биднийг уяан дээр тосож ирээд “Та бүхэн сайн явж ирэв үү? Саадгүй ирсэнд баяр хүргэе” хэмээн угтсан юм. Тэрхүү түүхэн үйл явдалд оролцож, тэр дундаа ард түмний саналыг ганзагалан морины хурдаар сумын төвийн сонгуулийн байранд хүргэж өгсөн хүмүүс одоо хэр олон үлдсэн бол гэсэн бодол төрдөг юм.

Эх сурвалж: Мөнгөнхүүгийн Ганболд. Ойрад Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн (1986-2016)