images

Буриад Чойсүрэн


     Хуучин Их Хүрээнд буриад Чойсүрэн гэж нэг лам байжээ. 1930-аад онд хилсээр баригдаж шоронд ороод арван жил болоод гараад ирсэн чинь таних мэдэх ах дүүгүй, гэр оронгүй ийм хүн болж хувирлаа гэнэ. Өлсөж цангаж их л ядарсан юм биз. Тэгээд, урьд, хамт хийд хүрээнд сууж байсан үеийн нэг хүнтэй уулзаад учир зовлонгоо ярьсан чинь "Чи ингэж ядарна гэж юу байсан юм бэ. Алтангэрэл судраа уншихгүй юу” гэжээ. Тэгэнгүүт Чойсүрэн "Нээрээ Алтангэрэл судраа уншъя байз. Хүн ядрахаар ухаан санаанд хүртэл олигтой бодол орж ирдэггүй юм байна. Алтангэрэл судар байхад би ингэж ядарч зүдэрнэ гэж юу байхав" гээд Алтангэрэл судар уншдаг болжээ. Тэгээд айвуу тайвуу гурван сарын дотор гурван удаа бүтэн уншжээ. Түүнээс хойш Чойсүрэн гуай ядарч доройтохын зовлон амсаагүй бөгөөд сүүлдээ овоо хөрөнгө чинээтэй болсон гэдэг. Нэлээд хожим тэрбээр "Урьд би яаж аж амьдрал төвхнөнө дөө. Хоосон ядуу яаж амьдарна даа, хаанаас эд хоол олно доо" гэж боддог байж билээ. Одоо бол энэ хөрөнгө мөнгөө хааш нь хийнэ дээ" гэж бодох боллоо" хэмээн ярьж суужээ. Алтангэрэл судар уншсаны ачаар л аж амьдрал нь сайжирсан хэрэг бололтой.

“Монголын Бурхан шашны аман түүх 2” номоос.