images

Сайнсайхан


Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Дуламхандын Сайнсайхан нэрнийхээ утга учрыг ийн хуучилсан юм.

     “Бид ном мэддэг хүмүүсийн удам судар. Манай аав Дуламханд гэж Баянхонгор аймгийн хуучин Жинст сумын харьяат. Аав нь Доо лам гэж хүн байсан. Социализмын үеийн хүн гэхэд эцэг өвгөдөөс дамжиж ирсэн ном судар, бурхан шүтээн, хонх дамартай хүн байсан. Тээврийн жолооч хэрнээ бурханы шашны ном сайн мэддэг, зоосоор үздэг, зурхай хардаг, засал ном, жилийн зүг чиг хүмүүст хэлж өгдөг хүн байсан. Бидний дэмбэрэл төөргийн зурхайг багаас зурж харж, амьдралын замыг минь зөв чиглүүлж өгсөн ачтан. Бидний нэрийг өгөхдөө ч мөн төөрөг дэмбэрэлийн зурхай харж бэлгэшээж хайрласан. Тэр нь хойшдын аж амьдралд нөлөөлж л явна. Зарим хүн намайг лам болоод ийм нэртэй болсон уу гэж асуудаг, тийм биш юм. Аавын минь хайрласан нэр. Бид эцэг эхээс зургуул. Хамгийн том нь охин, бага тав нь хүү. Эгчийг минь Энх-Амгалан. Том ахыг Мэндсайхан, дунд ахыг Мэнд-Амар, бага ахыг Амар-Амгалан, тэгээд би Сайнсайхан, дүүг Заяахийморь гэдэг. Энх-Амгалан хааны өвөр дээр таван банди тоглож байдаг шүү дээ. Түүн лугаа л бэлгэшээдэг дээ.