images

Дух хадаан шуурган гэж...


Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай Н.Дамдиндорж гуайн хуучаас

     Тээр жил манайх Дух хадаан бууцад намаржиж байв. Нэг өдөр өглөөгүүр гэрийн гадаа их л дуу чимээ гарлаа. “Самган минь гарч хараач. Манай сумын Засаг даргын “69” ирж явна уу, яана” гэвэл самган гарч хараад “Юм алга” гэнэ. Дуу чимээ улам ихсээд гэрийн ард дуугарч байна аа. “Самган гарч хараач” гэж дахиад хэлэв. Самган гарч харчхаад “Хүүш хөгшөөн, цаана чинь их хуй салхи” гээд орж ирээд оёдлын машин руугаа зүтгэж байна аа. Би ч Засгийн газрын жуух бичигтэй чемоданаа авах гээд зүтгэтэл нэг юм тас гээд одов. Би бяцхан ухаан алдсан байл уу. Сэргээд харвал муу овоохойг минь аваад шидчихсэн, самган минь байдаггүй ээ. Тэгсэн чинь Дун бүрээтийн орой дээр комбинат бор шиг дээвэр элээ шувуу хэвтээ эргэлдээд давж явна аа. Арай гэж самган бид хоёр орон гэрийн толгой холбож аваад хэд хонов. Тэгээд нэг өглөөгүүр хонио хариулаад Алаг дэлийн улаан хад дотор явж ортол алгын чинээ дөрвөлжин улаан юм хэвтэж байна аа. Очоод хартал “Хүндэт нөхөр Нацагийн Дамдиндорж танд ХАА-н салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажилласан тул Засгийн газрын жуух бичгээр шагнав” гэсэн бичигтэй жуух чемоданаасаа сугараад хаданд очоод наалдаж орхижээ. Засгийн газрын жуухаа арай хийж салгаж аваад асганд хонио хариулаад Шивэрийн хөтөл дээр ирж явтал их дуу чимээ гараад одов. Энэ эзгүй газар юун чимээ гардаг билээ гээд цочоод хартал муу ВЭФ араажав минь уруугаа хараад унаж хэвтэнэ ээ. Хүрээд очвол Банзрагч “Алсын анирхан уулс дундаас” гээд хөдөө нутгийг дуулж байх юм. Ай, Дух хад бас л шуурдаг газар шүү, хөвүүд минь.

Эх сурвалж: “Ойрад Монголын угсаатны зүй” хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн М.Ганболд