images

Цэрэн гүртэн (3)


   Би нэг намар хонь мал гаргалаа. Ер нь өвлийн идэш уушаа бэлддэг хүн байлаа л даа, би. Мөн хүн бүлгүй ядарч зүдэрсэн улс идэшний хонь малаа янзлуулах болохоор намайг гуйна, би ч цааргалахгуй тусалдаг байлаа. Ингэсэн нэг жил миний гаргаж байгаа хонь бүр үхэхээ байлаа шүү. Голыг нь тасдчихаад байхад орилоод, тэлчлээд байдаг. Яагаад ингээд байна вэ гэж бодоод л байдаг боллоо. Нэг хонь гаргасан, цөсгүй хонь байх юм. За, энэ биш боллоо шүү. Нөгөө алах малын тоо гүйцэхээр эрхтэнгүй таардаг юм гэсэн. Миний алах малын тоо гүйцэж байгаа бололтой гэж бодлоо.

   За тэгээд манайх тэр Ар Ангархайн бууцан дээр буучихсан үе юм. Тэгээд нэг өдөр бас л нэг хонь гаргах боллоо. Өөрөө хонь гаргадаг хүнд улсууд хонь гаргаж өгөхгүй шүү дээ. Тэгээд гаргасан чинь бөөр нь байдаггүй. Өвлийн идшээ олигор Дамдин гэдэг хүнээр хийлгэж, ерөөс өөрөө мал амьтан алахаа байлаа. Дараа зун нь би нэг өдөр Даадайгийнд (Цэрэн гүртэнгийнд) очлоо. Тэгээд Даадайд Би одоо хонь мал алахаа байсан шүү дээ. Миний гаргаж байгаа хонь үхэхээ байсан. Тэгээд алах малын тоо гүйцэж байна гэж үзээд мал муулахаа байсаан гэлээ. Тэгсэн Даадай намайг загнаж байна. Юу гэнэ ээ, чи? Махнаас гараагүй байж мал алахаас гарна гэнэ ээ? Алж бай, чи! гэж хэлдэг юм. Багшийн зарлиг юм чинь одоо яая гэх вэ дээ. Хэд хоногийн дараа манайх хоолны махгүй боллоо. Тэгээд нэг хонь гаргалаа даа. Анх эхлээд хонь алж байхад их амархан үхдэг юм шүү дээ, голыг таслангуут нам. Тэгсэн Даадайд загнуулсны дараа муулсан хонь яг анх хонь алж байх үеийнх шиг их амархан үхдэг юм. Тэгээд би жар хүртэл идэшний хонь муулсан шүү.

   Манай тэр багш өөрөө их айхтар анчин хүн. Тарвагыг хараалж барина гэхгүй, буугаа зүгээр хөндий бариад л хараалахгуй буудаад. тарвага туунд нь оногдож байх. Манай сумын түүхий эдийн эрхлэгч Тэрбиш гэж хүн байлаа. Түүнтэй би Галуутынхантай ангийн гэрээ хийх гээд хамт Ар Жаргалант энэ тэрүүгээр айлаар явлаа. Тэр үед би агент хийж байсан юм. Хоёулаа тус тусдаа мотоцикльтэй явж байлаа. Би нэг хунд буу өгчихсөн байснаа аваад үүрчихсэн, ингээд Уртын голын овооны тэнд Зараа толгойн хавьд нэг дөрөлж байдаг юм. Ямар дөрөлж гэдэг билээ дээ, тэр дөрөлжид би айлын хяраатай түрүүлээд явж байв. Дөрөлж дээр гартал нэг бондгор хөх тарвага миний мотоциклийн дөрөө доогуур ороод өнгөрлөө. Зогтусаад буусан чинь араас Тэрбиш хүрээд ирлээ. Тэгэхээр нь би хэллээ. Сая энд явж байсан тарвага хаачив?гэж. Тэрбиш Юун тарвага? гэж байна. Тэгээд хоёулаа дөрөлжөөс буусан чинь тэрүүхэн хадны доор нөгөө тарвага байж байна. Аль дивангарт тарвага иччихсэн цаг юм. Энэ юун тарвага явж байдаг билээ гээд нэлээд гайхаж байгаад, ерѳѳс алъя гэж бодоод, чиглүүлж байгаад буудчихсан чинь нөгөө тарвага үхчихлээ. Тэгсэн зайлуул, их холын гуйдлийн амьтан байсан юм уу, хөлийн өндөгнүүдийн зарим нь цоорчихсон, хумс нь элэгдчихсэн, шар сүүлтэй, ийм нэг хөх тарвага алчихаж дээ. Туранхай юм аа. Тэгээд нөгөөхөө ганзагалаад, маань нэлээд уншлаа. Оточийн хураангуй-г нэг хэсэг уншаад. Гэртээ авчраад, арьсыг нь хуулаад, манай энэ хөгшин тарваганы маханд дуртай юм чинь, хоёулаа чанаад идчихлээ. Гэхдээ л хэд хоног дотор нэг юм бодогдоод болохгүй юм. Ямар учиртай тарвага байсан бол гэж бодогдоод болдоггүй.

   Тэгэхэд Даадайнх ойрхон байсан юм. Даадайд очоод Би ингээд нэг тарвага алчихлаа гэсэн чинь Болж гээд л хөхрөөд байсан. Тэгж л надаар юм алуулах гээд байдаг байсан, тэр хүн чинь. Амьтны амь тэвчээрэй л гээд байдаг номтой байтал энэ лам амьтны амь хороолгох гээд байдаг нь ямар учиртай болов гэж би боддог байлаа. Надаар тэгж гурван удаа ан алуулах гээд байсан юм. Нэгд, тэр тарваганд явья гэдэг, хоёрт тэр хонь муулахаа больж болохгүй гэсэн, гуравт тэр тарвага алсанд тэгж хэлж байсан юм даа. Ямар учиртайг мэдэхгүй ээ. Манай Даадай бол тарвага алахдаа хэдийг л алъя гэнэ, яг тэр тоогоороо алдаг байсан байх. Буугаа зүгээр гартаа барьж байгаад л буудчихдаг байсан гэдэг юм даа.

Ж.Ерөөлтийн эмхэтгэсэн Монголын Бурханы шашны аман түүх 3 (2014) номоос.