images

Цэрэн гүртэн (2)


     "Нэг шөнө манай хонинд чоно оров оо. Модны ёроолоор л нэг, хоёр хонь гэдсээ хагалуулчихсан хэвтэж байна. Ингээд маргааш нь боллоо. Жилийн тооллого ирэх гээд байдаг. Тэр үед малыг зун тоолдог байсан юм. Мал амины аж ахуйд байсан үе шүү дээ. Тэгээд чононд бариулсан хонины сэг зэмийг хол жалга судагт далдалж хаялаа. Тэгээд бодлоо. “Энэ хэргээс болж би лав ял зэмд унах байх. Одоо ер яах вэ. Ерөөс энэ Цэрэн гүртэн лам дээр очъё байз. Арга чарга хэлж өгөх болов уу?” гэж бодоод гэрт нь очлоо. Манай багшийн эхнэр нь Эрдэнэцогт сумын Дүүвэй гэдэг айлын охин байсан юм. Намайг танимхайран гаднаа угтаж, мэнд мэдэж байна. Ингээд эхнэрийг нь дагаад гэрт орсон чинь багш “За хө, урд шөнө хэцүү юм болов уу?” гэж байна. “Тэгэхээр барах уу, хонинд чоно орчихлоо. Одоо ял зэмд унах боллоо доо” гэсэнд “За даа зүгээр, сайн юм байна” гэж байна. “Үгүй ээ, чононд хонь орчихоод байхад сайн байна гээд байдаг нь юу вэ дээ” гэж бодож суулаа. Нээрэн л тэр хэрэг ямар ч гэм зэмгүй өнгөрсөн юмдаг.

     Сүүлд нь бас сонин юм болсон юм байна. Энэ Гүртэн багшдаа шавь орсноос хойш болсон юм. Би залуу ч байж дээ. Нутгийн залуустай хуруу гаргаж, айраг архи эргүүлж сууж байгаад орой харина гээд гартал уяан дээр байсан эмээлтэй морь маань байдаггүй. Ингээд багшийнх ойрхон байсан учир ороод хэллээ дээ. Тэгсэн багш “За чи энэ гар чийдэн аваад яв. Нэг сүүтийсэн юм замд чинь тааралдана. Тэндээс сураг гарна даа” гэлээ. Тэгээд морио хайгаад явлаа. Дуутын ар луу л яв гэж зааж өгсөн юм. Тийшээ чиглээд халамцуухан алхаж явлаа. Тэгсэн нэг сүүтийсэн юм өмнөөс гараад ирлээ. Тэр нь хулгар Батхүү гэгч хүн байна. “Хѳѳе Сүхбат аа, морийг чинь хүн олоод ирсэн байна. Морь чинь сул, гол уруудаад явж байсныг барьж авчраад айлын гадаа уячихсан шүү!” гэж байна. Тэгж морио олсон юм. Маргааш нь багшийндаа очсонд багш маань “Чи надад итгэдэггүй билүү? Одоо итгэж байна уу?” гэж байж билээ.

     Манай Даадай (Цэрэн гүртэн) энэ урагшаа Амьчуулын хороололд таалал төгссөн юм шүү дээ. Тэр хашаа нь нэг сайхан өвс ургасан газар байдаг юм гэсэн. Амьчуулын дэлгүүрийн харалдаа Өргөн гудам гэж байсан, тэнд л таалал болсон юм. Тэнд нь хамаагүй айл буувал газар нь хүндэддэг гэж зарим хүн ярьдаг юм гэнэ билээ".

Ж.Ерөөлтийн эмхэтгэсэн “Монголын Бурханы шашны аман түүх 3” (2014) номоос.