images

Цэрэн гүртэн


     Цэрэн гүртэн бол манай энэ хөгшний төрөл төрөгсдийн залдаг лам нь байсан юм. Тэр үед би энэ хүнийг ерөөс үзээгүй, нэг эрдэмтэй сайн хүн байдаг юм гэнэ гэж дуулснаас цаашгүй. Баригдсан боловч алуулаагүй хүрээд ирсэн юм гэх зэргээр улс амьтан ярьцгаадаг байлаа.

     Тэр үед манайх хангайд ганц гэрээрээ зусланд гарав. Энэ Баянжаргал ламын хамаатан нэг хүү байлаа. Тэр манай хамжаа малчин туслах болж явсан юм. Тэгээд Ар Ховдод очоод буусан чинь Хангайчуулын, Эрдэнэцогтын гээд нэлээд олон айл тэнд байв. Тэр айлуудын дотор энэ Цэрэн гүртэн гэдэг хүн байсан юм байна аа. Тэгээд манайхыг тэнд буусны маргааш нь юм уу, нөгөөдөр нь манайд Цэрэн гүртэн өөрөө хүрч ирээд, манай хөгшинд ингэж хэлжээ: “Нэг хоолны юм дөхүүлээд өгөөд орхиорой гэж байна” гэж. Тэгээд би хонь гаргаж аваад, тэр хонины махыг аваачаад өглөө. “Гэдэс энэ тэрийг нь хагалж болохгүй шүү. Шөнө аваачиж өгөөрэй” гэсэн тул шөнө аваачаад өгчихлөө. Ингэж анх багштайгаа танилцсан юм. Манай хөгшин энэ багшийг Даадай гэж дууддаг байсан тул би ч дагаад адил Даадай гэж нэрлээд заншчихсан юм даа.

     1937-1938 оны үед Цэрэн гүртэн баригдаад явжээ. Харин залуухан байсан болохоороо амьд үлдэж, тэгээд мод бэлтгэлийн газар ажиллаж. Тэнд ч гэсэн зарим лам нарыг тэр ажил дээрээс байцааж байгаад бууддаг байсан юм билээ. Тэгсэн Өвөрхангай аймгийн шүүхийнх нь хамгийн том дарга юм уу, нэг том дарга, ганц хүүхэдтэй, өнөө хүүхэд нь хөхөө хөхдөггүй, өвдчихсөн, тэгээд эмчилгээ байхгүй гээд орхичихсон байж. Ээж, аав хоёр нь “Үгүй ээ, энэ лам нарт чинь арга байхгүй байгаа даа? Нэг бага шиг цагаан лам байдаг юм. Түүнд арга байхгүй байгаа даа?” гээд машинаа унаад ирж гэнэ. “Үгүй ээ, лам аа! Манайх ганц хүүхэдтэй. Гэтэл энэ хүүхэд маань ингэж өвчинд ороогдоод байх юм. Ер нь одоо тэсэхгүй үхэх бололтой. Танд арга чарга юу байна?” гэжээ.

     Цэрэн гүртэн “Үгүй ээ, надад арга юу байх вэ. Хамаг юмаа хураалгачихсан. Одоо бийгээс бие, бэлчихээс бөөс л байна. Өөр юм байхгүй” гэж дээ.

     Шоронд суугаа хүн чинь тийм л байна биз дээ. “За яах вэ, би аргалах гэж оролдьё. Хэрэв өнөө шөнө ямар нэг юм мэдэгдвэл өглөө ирнэ биз. Мэдэгдэхгүй бол битгий ирээрэй” гэж хэлээд нөгөө даргыг явуулжээ. Дарга гэртээ хариад, нөгөө лам чинь ингэж байна энэ тэр гээд авгайдаа хэлдэг юм байгаа биз. Тэгсэн үдэш утаа гээч юм манараад л, арц гээч юм ханхлаад л, гэрээр дүүрэн арц утаа болоод, хачин янзын юм болж гэнэ. Тэгээд өнөө хүүхэд нь нам унтаад л хоносон юм байна.

     Өглөө яагаа ч үгүй эрт дарга хүрээд иржээ. “За манай хүүхэд урд шөнө сайхан унтлаа. Үдэш гэрээр дүүрэн нэл утаа боллоо” гэж хэлжээ. Тэгээд тэр дарга манай энэ багшийг өөрийнхөө хог цэвэрлэгчээр ажиллуулахаар болжээ. Энэ нь өөрийнхөө дэргэд байлгаж, шоронд суулгахгүй л байх арга бодсон нь тэр юм байж. Түүнээс биш юу гэж хог цэвэрлүүлэх вэ дээ. Хуулийнхаа газарт тэгж хэлээд л амийг нь авч үлдсэн хэрэг байх л даа. Ингээд багш маань суллагдаад, нутагтаа хүрээд ирсэн гэдэг юм.

     Манай энэ багш юм хум асуухад жаахан бодож сууж байгаад шууд хэлдэг байсан юм. Одоо ийм л юм шив дээ гээд л харсан юм шиг хэлнэ. Би нэг удаа энэ хөгшинтэйгөө хэрэлдэж муудалцаад, ерөөсөө салдаг юм уу гэж бодоод багшийнх руу явлаа. Багшийнх Өвөр Жаргалантад, манайх энэ Бурдэнд байсан юм. Тэгээд морьтой аваад очлоо. Багшийнх энэ Энхүүш ламын өвгөн аав Дондог гуайнхтай айл байв. Очсон чинь “Хөөе, та хоёрын салах чинь юу болж байна?” гэж хэлж байсан юм. Тэгж л илтээр мэддэг тийм хүн байсан юм даа.

Ж.Ерөөлтийн эмхэтгэсэн “Монголын Бурханы шашны аман түүх 3” (2014) номоос.