images

Долоон зуун жилийн өмнө танай манай хоёр эр чадлаа үзэлцсэнээ...


     “Эстергомд гадаад дотоодын хүнд эвдэрхий хэрэм шилтгээнээ сонирхуулан үзүүлдэг үүнд, монгол цэрэгт долоон зуун жилийн өмнө идүүлсэн тэр хотын хэрэм дээгүүр явж, шилтгээний бүтэн үлдсэн хэсгээр нь явж, өрөө тасалгааг сонирхон үзэхэд, энэ лут хэрмийг монголчууд шат тавьж байлдан асаж байсан гэж, хэрэм цамхаг дээрээс доошоо харахад хачин санагдаж, дэллэсэн морио хад мэт хантайрч, хайрцаг мэт тушаад, энэ өндөр хэрэм өөд шат тавин, дээрээс нь мажар цэрэг, мод чулуу, буцалсан давирхай, тос, янз бүрийн юм асган хаяж, ямар их бужигнаан, долоон зуун жилийн өмнө энд болж байв даа? гэж бодож байх үес, америк, австри, мажар, бельги, швейцар зэрэг гадаад дотоодын тойрон явагсад бидэнд, тэр шилтгээн зэрэг дурсгалт зүйлийг тайлбарлагч хүн:

- Энэ шилтгээнийг долоон зуун жилийн өмнө монгол байлдаж сүрхий эвдсэн юм гэж тайлбарлатал:

- Тэдний үр угсаанаас би явж байна гэж миний хэлэхэд, тайлбарлагч өвгөн сочин сандарч:

- Ээ, би мэдсэнгүй, аягүй үг хэлсэн бол, та уучлаарай гэж тэр өвгөний мэгдэхэд:

- Өвгөн ах, та санаа бүү зов. Долоон зуун жилийн өмнө танай манай хоёр эр чадлаа үзэлцсэнээ хэн хэндээ муулах гомдох юу байх вэ? Тэр байтугай, саяын Дэлхийн хоёрдугаар дайнд сайн муу юм үзэлцсэн улс ах дүү болчихоод байхад, та санаа бүү зов гэж бүгдээрээ инээлцэн, тэр өвгөн эргэн тойрныг хараад:

- Турк хүн энэ дотор арай үгүй байгаа? Сүүлд турк ирж булай муухай эвдсэн юм шүү гэж инээн харж, харуулын цэрэг манаанд гарах цагаа хүлээн суудаг тасалгаа, олзны хүнийг хорьж байсан тасалгаа зэргийг үзүүлээд, хэдэн зууны өмнө олзлогдон хоригдож байсан эрчүүдийн тасалгаагаар орж өнгөрөхөд, сэтгэлд эртний тэр үеийн феодалын дайн тулаант цагийн дүрс байдал сэтгэлд ургаж билээ”.

Бямбын Ринчен. “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл: Мажар улсаар явсан минь” (1959) номоос.