images

Мэнгэтийн хийдийн түүх


Дундговь аймгийн Мэнгэтийн хийдэд сууж байсан Даржаагийн Гончиг 2007 онд ийн ярьжээ.

     Мэнгэтийн хийдийг 1890-ээд онд байгуулсан болов уу. Тэнд ширгэдэггүй элбэг устай Мэнгэт гэдэг худаг байсан учраас ингэж нэрлэсэн юм. Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд хоёр сумын дунд нь байдаг. Түшээт вангийн хошууны нутаг гэсэн үг. Мэнгэтийн хийдээс Цагаан овоог зуны адаг сарын шинийн 5-нд тогтоолтой тахидаг байлаа. Цагаан овоо том тахилгатай газар байсан юм. Ингээд 1905, 1906 онд цогчин дуган барьжээ. Бусад дуганыг түүнээс өмнө барьсан гэдэг бөгөөд шинэхэн дуган л гэж ярина. Хятад хүмүүс ирж барьсан юм гэнэ лээ. Би 1937 оны үед 20 дөнгөж гарч байхдаа Мэнгэтийн хийдэд шавилан суув. Манай хийдийн ойролцоо Үнстийн хийд гэж байсан. Мөн Эрдэнэдалайн хийд гэж нэлээн том хийд байлаа. Энэ хийдийн лам нар бүгд Мэнгэтэд хурвал 100 дөхдөг байсан юм. Тэгээд Цогчин, Гүрэм, Хангал, Сандуй, Дэмчиг, Дүйнхор хурдаг. Улиралд нэг удаа Арван хангал уншина. Би 1932, 33 оны үед Хүрээнд ирж Дашчоймбэл дацанд суусан. Мэнгэтийн хийдэд анх 7, 8 настай байхдаа нагац ах дээрээ ирж ном заалгаж байсан юм. Дашчоймбэл хийдийн сахиус нь Хангал, хэвтүүлийн гол шүтээн нь Гомбо, Мэнгэтийн хийдийнх бол Лхам, ядам нь Жигжид байлаа.

Эх сурвалж: Монголын сүм хийдийн товчоо