images

Нисдэг тэрэгнийхээ сэнсэнд ямааны арьс наав


Гавьяат нисгэгч Т.Сугар агсны дурсамжаас

     1984 онд Ховд аймгийн Булган суманд үер боллоо. Уулын нарийн гол үерлээд усны төвшин 150 сантиметрээр нэмэгдсэн байв. Олон айл, мал сүрэг урсч байсан. Өндөрлөгдүү арал дээр үлдчихсэн хүмүүсийг аврах ажиллагааг хийж явлаа. Тэнд улсын баатар Шийлэг гуайн бие муу, усан дунд боогдчихсон байв. Нисдэг тэрэг багтах газаргүй тул өрөөсөн дугуйгаа хуурай хэсэгт хүргэж байгаад Шийлэг баатрыг гэрийнх нь ханаар дамнуурга хийгээд тэрэг рүү оруулав. Онгоц дээш хөөртөл өрх нь хийсээд сэнстэй орооцолдчихлоо. Сэнсний ирмэг арзайгаад, хурд авахгүй савж уначих гээд байсан. Тэгээд Ховдын Булганд байгаа онгоцыг засъя гэж Улаанбаатараас нисдэг тэрэг дуудах гэхээр ахиад л өдий төдий зардал гарах гээд байдаг. Мөн заставуудын утсан холбооны шонгууд усанд урсаад ямар ч харилцаагүй болчихжээ. Тэнд хил зөрчигч орж ирж байна уу, цэргүүд хоол ундтай байгаа юу, үгүй юу гэдэг нь мэдэгдэхээ байчихсан байв. Ингээд сумын үйлдвэрийн артелиас ямааны арьсан савхи аваад гутлын шар цавуугаар нисдэг тэрэгнийхээ сэнсний ирмэг дээр наалаа. Наалтаа 20 цаг нисээд л сольдог байв.

Эх сурвалж: "Тэнгэрт бичсэн дурдатгал" ном