images

Geely


     Хуучнаар улсын хэвлэх үйлдвэр буюу одоогийн “Галерей Улаанбаатар” дэлгүүрийн хамгийн дээр “Geely” гэсэн лого бий. Энэ бол Хятадын томоохон групп компанийн нэр юм. Анх 1986 онд хөргөгчний эд анги үйлдвэрлэхээр Ли Шүфү хэмээх эр энэ компанийг байгуулжээ. Одоо тус улсын тэрбумтнуудын нэг болсон тэрбээр компанидаа хятадаар Jílì буюу өлзийтэй, азтай гэсэн утгатай нэр өгсөн аж. Шинэхэн бизнесээ ийн нэрлэсэн нь аз, амжилттай байхыг бэлгэдсэнээс гадна үргэлж дээшлэн хөгжиж байхын төлөөх хүслийнх нь илрэл болжээ. Улмаар компанийнхаа логог мөн л өлзий дэмбэрэл, азыг бэлгэдэж хийсэн байна. Хятадад зургаагийн тоог аз гэж үздэг учраас “Geely”-гийн үе үеийн логонд зургаагийн тоо шиг дүрс, зургаан шүд агуулагддаг байна. Мөн Хятадад liùliù dà shùn гэдэг хэлц байдаг бөгөөд энэ нь бүх зүйл сайхан болно гэсэн утгатай ажээ. Тус компани байгуулагдсанаасаа найман жилийн дараа 1994 оноос мотоцикл үйлдвэрлэсэн байна. Улмаар 1996 онд групп компани болон тэлж, 1997 онд автомашин үйлдвэрлэлийн салбарт орж ирэв. Харин одоо энэ группийг дэлхийн автомашины зах зээл андахгүй болжээ. “Geely” автомашины үйлдвэр Хятадын томоохон автомашины үйлдвэрүүдийн долоод эрэмбэлэгддэг. Тухайлбал, 2021 онд дэлхий дахинд 2.2 сая машин борлуулсан бол өнгөрсөн онд 18 мянга орчим цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулжээ. Харин манай улсад "Geely"-гийн сүүлийн үеийн автомашинуудыг "Таван богд" компани албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.