images

Мал болох минь яав


     Наяад оны эхээр манай Увс аймгийн Баруунтуруун сумын нэг хоньчин өвгөн ажил үйлсээрээ тэргүүлж Москва, Ленинград руу улсын зардлаар жуулчилжээ. Москвагийн зоопаркыг үзэж сармагчин сонирхож яваад бусдаасаа тасарч төөрч орхиж. Зуны халуун өдөр, хөвөнтэй дээлтэй, дээр нь баахан одон медаль шажигнуулчихсан өвгөн яахаа мэдэхгүй хөлсөө дуслуулан сууж байгаад хүүдээ гомдон уйлж гэнэ. Хүү нь тэр үед Москвагийн их сургуульд сурч байсан юм. “Санаа муутай новш. Төрсөн эцэг нь энд төөрчихсөн үйлээ үзэж явахад ирээд авчихгүй” гэж гомдоллож нэг үзэж гэнэ. Тэгснээ гэнэт өөртөө гомдож “Заяа муутай амьтан, хүн болж төрчихөөд хүний газар ингэж үйлээ үзэж явахаар мал болоод төрчихсөн бол өдийд нутагтаа санаа амар хивээд хэвтэж байхгүй юу” гэж хүртэл бодож гэнэ. Эцэст нь хэрэв бусдаасаа төөрвөл гарах хаалган дээр уулзах болсноо санасан боловч хаалгаа олдоггүй, бас хаалга гэдгээ хэлж мэддэггүй мунгинасаар гэнэт маш уран аргаар хэн нэгэнд дохиж үзүүлснээр хаалган дээр хөтлүүлэн очиж нөхөдтэйгээ нийлж санаа амарсан гэдэг.

Ш.Пүрэвсүрэн “Миний орчлон ХХ зуун” номоос