images

Улсын хил зөрчихөөс сэргийлж ухарч ниссэн нь


Гавьяат нисгэгч Т.Сугар агсны дурсамжаас

     Ерөнхийлөгч асан Н.Багабандийг УИХ-ын дарга байхад хилийн зүүн хороодын үйл ажиллагаатай танилцуулах нислэгт явлаа. Халх Соёлзын уул гэж хоёр улсын хилийн зааг газар бий. Орой дээр нь Хятадын хилийн харуулын байшинтай. Түүнээс нааш 25 метр зайтай улсын хилийн шугам бий. Улсын хилийн шугамаас нааш зай бага. Уулын наана буучхаад дээш өгсүүлнэ гэхээр бараг арваад километр явган алхуулах гээд байдаг. Төр засгийн удирдлагуудтай яваа учраас уулын орой дээр буух шаардлага гарлаа. Яг буух гэтэл Хятадын хилийн зүгээс салхитай байж таарав. Ямар ч байсан орой дээр нь багтааж буулгахад хятад цэргүүд "Орж цай уугаач" гэж байсныг Н.Багабанди дараа нь зурагтаар ярьж байсан. Ингээд бид буцаад тэндээсээ хөөрөх болоход Хятадын зүгээс салхитай байсан болохоор ухарч нисэх шаардлагатай болсон юм. Уг нь нисдэг тэрэг хөөрөхдөө салхиа сөрж хөөрөх ёстой. Шувуу ч тэгдэг юм. Гэтэл Хятадын зүг рүү салхи сөрж өндөр авбал тэдний хилийг давах гээд байдаг. Тэгэхээр нь ухарч гараад нутгийнхаа зүг орж билээ. Би боддог юм. УИХ-ын дарга нь нисдэг тэрэгтэй ирээд улсын хил зөрчлөө гэж Хятадын тал ярина. Хоёр улсын хооронд байгуулсан хилийн хатуу журмыг зөрчвөл олон улсын хэмжээнд нэр хүнд унана шүү дээ. Тиймээс л ухарч нисэх хэцүү бөгөөд нислэгийн дүрэмд байхгүй аргыг сонгосон доо. Тэгэхэд ингэхээс өөр арга байгаагүй.

Эх сурвалж: "Тэнгэрт бичсэн дурдатгал" ном