images

Гүйдэг банди


     Хавчиг үүрсэн бадарчин лам явж байжээ. Нэг айлд ирээд гэрт нь орох гэтэл хүн ирж зам хөндөлсөөд “Хөөе. Энэ Бавуу ноёных. Хүн орж болохгүй” гэжээ. Нөгөө лам “Эзэн хааны явдаг замаар илжиг бас явдаг юм аа. Бавуу ноёны гэрт бадарчин лам орж болохгүй яачихсан юм” гээд гүйгээд орчихож.

     Бавуу ноён тэр бандийг байцаажээ. “Чи яасан лам гэхээрээ миний гэрт зөвшөөрөлгүй ороод ирдэг юм? Би Бавуу ноён байна” гэхэд лам “Нохой хорьсон хүн чинь ноёных гэж хэлсэнгүй. Ноён улаан жинс чинь тооноороо үзэгдсэнгүй. Манай бадарч лам гээч онгойсон үүд байвал тонгойгоод ордог юм” гэхэд ноён бошгоо дуудан “Ташуур дэвтээ. Энэ золбин бандийг зодъё” гээд гаргах үед нь лам хэлжээ. “Хөөе, бошго абугай. Гадаа хатавчинд миний бас орын төдий оготор ташуур бий. Хамт дэвтээчих. Би бас зодох минь” гэжээ. Ингээд ноён түүнийг чирч гарган зодож гарчээ. Тэр лам зодуулж аваад “Бөгс өвдлөө. Үүргээ үүрч явж чадахгүй байна” гээд тэр ноёныхоос явахгүй хэвтээд өгчээ. Ноён цөхрөхдөө нэг гүү өгч “За чи үүргээ гүүндээ тээгээд хурдан манайхаас явж үз” гэжээ. Тэр лам гүүг нь аваад замд гарахдаа “Гүйдэг бандийг бөгсөөр торголоо, гүн ноёныг гүүгээр торголоо” гээд яваад өгсөн гэдэг.

“Монгол ардын аман зохиолын дээж бичиг” номоос