images

Тэгээд л ер нь миний амьдрал дээшлээд явчихсан


Хатанбаатар Магсаржавын бичээч явсан партизан Дамдинсүрэнгийн хууч.

     1915 оны зун манай Сэлэнгийн хөвөөнд наадам боллоо. Би бор морио унаж очив. Уралдааны морийг угтан барих хүмүүсийг томилон гаргаж байхтай тааралдлаа. “Намайг морь барих хүмүүст оруулаад аль” гэхэд танил бичээч намайг оруулж өгөөд “Чи олигтой морь унаж яваарай” гэж байна. Наадмын дэнжээс морь барих газар хүртэл хоёр, гурван километр орчим зайтай юм. Энэ завсар морь барих хүмүүс их төлөв баячууд, шилдэг морио унаж сайварлуулан явж морьдоо гайхуулдаг заншилтай. Морь барих хүмүүсийн хамт би явлаа. Миний морь сайхан сайварлан жороолж бүгдийн түрүүнд гарч өглөө. Олон хүн миний морийг магтан шагширч байна. Морь барьж цоллосноос хойш би наадам хэсэж яваад баян Бандийн майханд очиж буулаа. Тэр бол өвгөжөөр хүн, саяхан залуухан эхнэр авсан байсан юм. Эхнэр нь надад хэлэв: “Чамайг нэг аятайхан морь унаж явна гэж хэлэлцээд байх юм. Би морийг чинь унаж үзье. Надад зарчих” гэж байна. Банди гуай уг нь нарийн хүн. Гэвч залуу эхнэрийнхээ аяыг татах янзтай “Чи бор морио надад өгчихгүй юу. Оронд нь манай эхнэрийн унаж яваа шарга морийг ав” гэв. Би “Горьгүй. Миний бор морь хэдэн морины үнэтэй сайн морь” гэлээ. “За тэгвэл шарга морин дээрээ арван лан мөнгө нэмж өгье” гэж байна. Би “Тавин лан мөнгө нэмж өгвөл өг. Түүнээс нааш надад ашиггүй” гэлээ. Үнэтэй байна гээд авах янзгүй боллоо. Эхнэр нь миний моринд эмээлээ тохон унаж үзээд орж ирлээ. “Их аятайхан морь байна. Нэг аятайхан морь аваад унаж болдоггүй яасан юм” гээд Банди гуайг базаахгүй янзтай харчихлаа. Банди гуай ч зөөлрөөд ирлээ. Ингээд шарга морин дээрээ тавин лан мөнгө өгөөд миний бор морийг авсан юм. Тэр үед жирийн морь арван хэдэн лангийн үнэтэй байсан билээ. Би Хүрээн дээр очиж Банди гуайгаас тавин лан дэнсэлж аваад тэр мөнгөөрөө хэдэн морь авч унасан юм. Тэгээд л ер нь миний амьдрал дээшлээд явчихсан.

“Монгол аман зохиолын дээж бичиг” номоос