images

Давхил ороод ирэхийн цагт халтар азарганы өмнө юу ч гишгэдэггүй байв


“Соёмбо нэгдлийн халтар” гэж алдаршсан халтар азаргыг уяж хурдлуулж явсан алдарт уяач Янсан гуайн хууч

     Би арван зургаан настайдаа аавынхаа нас барсан жил 1945 оны наадамд аав Дашийн адууны Бэлбэн халтар гэгч морийг аман хүзүүдүүлэв. Би Ховд аймгийнхаа наадмаас хорин дөрвөн түрүү, хорин дөрвөн айраг авсан юм. Морь уяж эхэлсэн тэр цагаасаа морины уяаны дэргэдээс салаагүй явна. Цэргийн алба хаахдаа ч морь уяж байв. 1948 оны цэрэг Ховдын хязгаарт алба хаалаа. Ховдын хорооны улс төрийн орлогч Адууч гэж моринд дуртай хүн байв. Эдүгээ эдний хүүхдүүдээс улсын начин Баатархүү, олон улсын шилэгдмэл шүүгч Басхүү гээд алдартай хүмүүс гарсныг бид мэднэ. Адууч хорооныхоо агтнаас гурван морь уяулав. Тэр нь аймгийн наадамд арав дотор давхисан тул долоо хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнуулж билээ. Буянт сумын Жагварал гэгч өвгөн Увс аймгийн Ханхөхийн нурууны Зүүнхангай сумын адуунаас хээлтэй хар гүү авчээ. Хар гүүнээс халтар унага гарлаа. Тэр халтар унага хязааландаа азаргасаад адуу хэсээд алга болов. Насан өндөр Жагварал гуай хойноос нь сураг тавиад сууж. Тэр үеэс халтар үрээг шалж байсан багийн дарга Лхагважав халтар үрээ Мянгадын нутгаас гараад Загийн тойруу дээр явж байна гэж хэл дуулгажээ. Өвгөн өөрөө явж чадахгүй тул Лхагважавт хандан түүнийг олж ав. Оронд нь надад нэг насны юм өгөөрэй гэжээ. Лхагважав халтар үрээг авч азарга тавиад найман настайд нь надаар уяуллаа. Тэр үнэнхүү хурдан азарга байв. Түүний гадаад шинж гэвэл монхор хамартай, том толгойтой, өндөр сэрвээтэй, жижиг навтгардуу биетэй адуу байв. Давхил ороод ирэхийн цагт халтар азарганы өмнө юу ч гишгэдэггүй байв. Лхагважав халтар азаргаа 1956 оноос эхлэн аймгийн наадамд завсаргүй тав түрүүлээд байхад нь нэгдэлдээ өгсөн юм. Би халтар азаргыг 1961 оноос эхлэн Буянт сумын Соёл нэгдлийн нэр дээр уях болсон юм. Ингээд халтар азарга Ховд аймгийн наадамд Соёл нэгдлийн нэр дээр уралдаж дахин завсаргүй тав түрүүлсэн юм. 1967 онд арван есөн настайд нь аман хүзүүдүүлж аргагүй зодог тайлсан юм. Халтар азарганыхаа гурван үеийг хурдлууллаа. Халтар азарганд өөрийн адууны том гэдэстэй хул гүүг тавьж хүрэн азаргаа гаргаж авсан. Хүрэн азаргаа хязаалан, соёолонд нь айрагдуулж зургаа, долоо, найман настайд нь завсаргүй түрүүлгэсэн дээ.

Ш.Ганхуяг. “Эрдэнийн хүлэг оршвой” номоос