Энхцэлмэг, Энхжигүүр
Өнөөдрийн Нэр
2023-02-09
2020 оны долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн онгоц 10100 метрийн өндөрт ОХУ-ын Сочи хот, Хар тэнгис дээгүүр нисэж явахад мэндэлсэн ихэр охидод аав ээж нь Энхцэлмэг, Энхжигүүр гэх нэр хайрлаж байв. Тэд охидоо агаарын хөлөгт төрснийг нь бэлгэшээн цэлмэг тэнгэр, нисэх жигүүр, энх тайвныг бэлгэдэн нэрлэсэн нь энэ юм. Өмнө нь орон нутгийн чиглэлд нисэж явсан онгоцонд нэг хүү мэндэлж Мөнгөнхүлэг нэрийн эзэн болсон гэдэг. Харин Монголд анх удаа олон улсын чиглэлд нисэж явсан онгоцонд эх амаржсан нь энэ билээ. Үүгээр зогсохгүй дэлхий дахинд ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн анхны тохиолдол гэдгийг тухайн үед "МИАТ" ТӨХК-ийн удирдлагууд хэлж байв. Улмаар ихрүүдийг 18 нас хүртэл "МИАТ"-ын бүх чиглэлд үнэгүй зорчих эрх бэлэглэсэн бөгөөд ээжид нь ч мөн ийм бэлэг барьсан юм. Тус компани 1956 оны долдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 64 жилийн ойн баярынхаа дараахан онгоцондоо эх үрсийг эсэн мэнд амаржуулсандаа ихэд бэлгэшээж байлаа. Одоогоор Монголын хүн амын бүртгэл мэдээллийн санд 33 Энхжигүүр, 169 Энхцэлмэг бүртгэлтэй байна.