images

Нэг морины ачаар чинээлэг амьдралтай боллоо


Ардын хувьсгалын партизан Дамдинсүрэнгийн хууч

     Би туулай жилтэй, 1891 онд төрсөн хүн. Сэлэнгэ мөрний хавиар нутаглаж явлаа. Би багадаа амьдралаар ядуу зүдүү хүн байв. Сэлэнгийн Төлбөрийн хөндийд нутаглаж арвай буудай тарьж амьдарч байлаа. Аз дайрч нэг морины ачаар чинээлэг амьдралтай болсон хүн. Олноо өргөгдсөний гуравдугаар он билээ. Намар шувтарч байх цагаар Тамирын голоор нутагтай Арцаа тайж гэж хүнээс нэг цавьдар хүрэн морийг 100 жин гурилаар худалдаж авлаа. Цавьдар морио хоёр жил эдлээд зуны эхээр алдчихаад эрээд олсонгүй. Зуны нэг өдөр манай нутгийн Гэмпил хүндийн буутал Арцаа тайжийн нутгаас хүн ирээд байж. Тэр хүн надад “Хүрэн морь чинь нутагтаа гүйгээд ирсэн гэж Арцаа тайж хэлүүллээ” гэв. Би тэгэхээр баярлаад хэдэн шанага чангаамал будаа ганзагалаад хоёр хоног явж Арцаа тайжийнд очлоо. Арцаа тайж намайг сайхан хүндэлж зочлоод би хэдэн шанага будаагаа бэлэг болгон өглөө. Ингээд морио аваад гэрийн зүг гарлаа. Замдаа айл хэссээр Чин вангийн хошууны нутагт ирээд явж байтал Сайханы овоог тахиж наадам хийж байна. Хагсаасан олон сайхан морьд уралдах гэж байгааг хараад миний сэтгэл хөдлөн хүрэн морио харсан чинь нэг л давхичихаж магадгүй санагдлаа. Хүрэн мориныхоо сүүлийг боогоод 13-14 орчим насны нэг хүүхэд олж унуулаад сан эргэж яваа олон морьдын дунд нийлүүлж өгчхөөд айраг уугаад наадам үзээд ганхаж явлаа. Удалгүй уралдааны олон морьд тоос манарган давхиад ирж явна. Хүмүүс дурангаар харан түрүүлж ирж яваа морины тухай ярьж байна. “Мишигийн хар морь байна. Тайлангийн Баяны хээр байна. Зундуй ламын хүрэн байна” гэх мэтчилэн шуугилдана. Дөхөөд ирэхэд “Тэрлэгтэй хүүхэд унасан огт танихгүй морь байна” гэж байна. Би сайн харсан чинь тэрлэгийн хормой нь хийсэж яваа нь миний морины хүүхэд мөн шиг. Удалгүй миний цавьдар хүрэн морь хамаг морьдын түрүүнд ганцаараа харвасан сум шиг зурайлган орж ирлээ. Миний баярласан гэж жигтэйхэн. Олон хүн морийг минь шохоорхон харж үнэ хаяж эхэллээ. Баян Мишиг гэж хүн ирж уулзаад “Морийг чинь хоёр шар үхэр, хоёр морь, ийм дөрвөн малаар авъя” гэхэд нь би нутгийнхаа Норов гэж залуутай зөвлөж байгаад өгч орхилоо. Хоёр шараа туугаад хоёр морио хөтлөөд гэртээ харьж ирэв. Тэгээд л ер нь миний амьдрал дээшлээд явчихсан юм. Ганц хүрэн морины ачаар би хөлжиж элбэг амин тэжээлтэй болсон хүн дээ.

 

“Монгол аман зохиолын дээж бичиг” номоос