images

“Хүүхэн хутагт” хэмээх дуу гарсан нь


     Эрт урьд цагт говь нутагт нэгэн ядуу айл байжээ. Тэдний гурван хүүгийн их ах нь нүгэлт хар гөрөөчин, дундах нь тэнүүлч бадарчин, хамгийн бага нь хийдэд лам байжээ. Тэгтэл тэдний их ах нь хулгайн хэрэгт сэрдэгдэн Баргын хошуунд баригдаж очоод есөн эрүү тулгуулан тамлуулж байгааг лам болсон бага дүү нь мэдэж Баргын ноёд дээдсээс ахынхаа өшөөг авахаар сахил санваараа орхин сайн эр болж босоод Баргын ноёдын аль өнгөтэй өөдтэй хогшил хөрөнгө, адуу малыг хулгайлан хөөж ар нутгийн ядуу зүдүү ардуудад тараан өгдөг байсан гэдэг. Баргынхан түүнийг барих гэж янз бүрийн аргаар үзээд чадаагүй төдийгүй эцэст нь хошуу ноёныхоо зүс нийлсэн гучин гурван шаргыг хүртэл хөөлгөн алджээ. Арга ядахдаа түүнийг шидэт хувилгаан болгон зарлаж түүнийг Хүүхэн хутагт хувилгаан гэсэн цуу тараажээ. Ингээд Баргын ноёд Ар Халхын Богд эзэн хаанд мандал өргөж аргадсан гэдэг. Үүнээс үүдэн уг сайн эрийн тухай “Хүүхэн хутагт” гэдэг дуу гарсан гэдэг. Уг дууны үгэнд “Өртэй болоод аваагүй Өшөө байгаад авсан юм. Хортой болоод аваагүй Хорсол байгаад авсан юм” гэж өгүүлдэг ажээ.

Д.Дашдорж. “Түүхэн домогт дууны судлал” номоос