images

Японы тагнуул халзан Гончиг


     “1937 оны үед манай нутагт халзан Гончиг гэдэг мундаг хүн гарч ирсэн байгаа юм. Тэр хүн гүрэм ном хийдэг, жасаа уншиж даллага авдаг, эм барьдаг байсан. Баацагааны нэг хүүхэнтэй суугаад мөн л сахалт Шадваагийн байсан нутгаар байгаад байдаг байсан. Манай нутгийн Ундарахын Мижид гэдгийг цус харвасан байхад нь эмнэж эдгээсэн гэдэг юм. Хүнд тариа хийдэг, дугариг цагаан эм өгөөд байдаг байсан байгаа юм. 1937-1938 оны үед чинь манайд ямар элэнцгийн дугуй цагаан эм дэлгэрсэн байхав дээ. Тэгэхээр тэр чинь хавтага эмтэй Японы тагнуул байхгүй юу. Гурван егүзэр гэж Дорноговь руу байдаг юм уу, хаашаа байдаг юм мэдэхгүй юм. Тэр егүзэрийн хүн гэж өөрийгөө ярьдаг байсан байгаа юм. Тэр хүн бол заасан нутагтай, цэвэр Японы тагнуул. Хэрвээ японууд манай нутаг руу лав ороод ирэх юм бол дотроос нь бослого хөдөлгөөн угтуулан гаргадаг ч юм уу, ямар ч гэсэн томоохон жанжин болох хүн байсан юм билээ л дээ.

   Яагаад ингэж тодорхой юм хэлээд байна вэ гэхээр 1937 оны найм, есөн сарын үед халзан Гончигийг баривчилсан байгаа юм. Манай сумын нарийн бичгийн дарга Лувсанпүрэв, дотоод яамны төлөөлөгч Цогзол хоёр баривчилсан юм билээ. Халзан Гончигийнхыг Дэлийн гүний орчим байгаа гэж дуулаад хүрээд очсон чинь байгаагүй, Хүрмэн тээгийн тэнд айлд жасаа уншаад сууж байсан байгаа юм. Очоод Дотоод яамны төлөөлөгч Цогзол амьтан хүний чөлөөгөөр түүнтэй үг солилцоод “Таныг баривчлах гэж ирлээ шүү дээ" гэсэн чинь Та нар энэ сүсэгтэн улсыг битгий сандаргаарай. Намайг л барьж аваачих гэж ирсэн юм бол намайг л бариад явдаг юм байгаа биз. Гурвуулаа энэ айлаас зүгээр л гараад явчих юм шуу. Тэгээд манайд очно биз дээ? Өнөө гэр хөрөнгийг чинь бүртгэнэ биз дээ?" гээд л. Тас тас хөхөрсөн, халзан толгойтой, нэг их сайхан амьтан л байсан байгаа юм л даа.

   Тэр ёсоор нь жасаа номыг дуусгаад нар гудайсан хойно халзан Гончигийнд ирж дээ. Тэгсэн чинь бууны зургаан гол төмөр байх юм гэнэ. Хоёрын зэрэг цахиур буу байна гэнэ. Тэр дотор бирдаахан бууг тайраад хүрэн зандан модонд суулгачихсан богино буу маягийн юм хийгээд тавьчихсан, хагас шуудай бууны сум байна гэнэ. Энэ их сумыг та хаанаас худалдаж авсан юм бэ? гэхэд Хойноос ирсэн тугалган суманд тусгүй юм, наадахыг чинь би өөрөө хийсэн юм. Хошууг нь хар даа, зэс хошуутай байгаа биз дээ наадах чинь. Намарт хулангийн анд явахдаа л хэрэглэдэг юм. Наадах тайранхай бууг чинь хийгээд буудаж үзээгүй л дээ. Хол тусахгүй байх, ойрхон бол онох байх гэж байна гэнэ. Тэгж байсан чинь нэг ховд дүүрэн олон тамга байна гэнэ. Энэ чинь ямар учиртай тамга вэ гэсэн чинь "Жасрай гэгээний тамга, Нарванчин хутагтын тамга, Дилав хутагтын тамга" гээд л нэг их олон нэр дурдаж байх юм гэнэ. Тэгсэн чинь зөндөөн олон хутагт нарын гэрэл зураг гарч ирж түүнийг нэр нэрээр нь хэлж байна гэнэ. Шинжаан Уйгар, Өвөр Монголд байгаа хутагт нарын нэр зөндөөн байна гэнэ. Тэр бүхнийг нь хурааж аваад өөрийг нь баривчлаад сумын төв дээр аваад ирж дээ. Нэг гэр барьчихсан, тэнд Бууцагаанаас авчирсан хэдэн лам нартай хамт хорьчихдог юм биз дээ.

   Тэгээд оройхон Цогзол нь Лувсанпүрэвийгээ Цаад халзан Гончиг чинь яажшүү дүвчигнэж байна, чагнаад ир гэж явуулж л дээ. Тэгсэн чинь өнөө лам нарыг нэрээр нь дуудаад л Та нар яасан гутруу байх юм бэ? Та нар ер нь хэрэг хийсэн л улс байна даа. Хэрэг хийгээгүй юм бол юунд нь гутрах вэ дээ. Би бол очингуутаа мэдүүлгээ өгчихөөд дорхноо гараад ирнэ. Надад бол хийсэн хэрэг огт байхгүй л дээ гээд, чагнаж байгаа гэдгийг мэдээд тэгж ярьж байсан байна. Би Лувсанпүрэвийн ярьж байсныг ярьж байна шүү дээ. Айхтар боловсролтой, соёлтой, хэцүү тагнуулууд манайд ирж байсан байгаа юм даа.

Х.Цэвлээ. “Ямбатынхан” (2012) номоос.