Семипалатинск
Өнөөдрийн Нэр
2023-02-07
Зөвлөлтийн үед Казахстаны нутаг дахь хоёр газрын нэр монголчуудад онцгой танил байсны нэг нь Байконурын сансрын буудал, арай хожмынх нь Семипалатинскийн цөмийн туршилтын полигон болов уу. Тэгвэл ерөөсөө л орос нэр юм шиг санагддаг байсан Семипалатинск гэгч нь угтаа цэвэр монгол үг, монгол нэрнээс гаралтай байсныг мэддэг хүн төдийлөн байгаагүй болов уу. Тухайн үед тэрхүү цөмийн полигон нь ижил нэртэй хотоосоо даруй 130 км зайтай, Семипалатинск нэртэй мужийнхаа (одоо Абай муж гэдэг болсон) хязгаарт байсан боловч чухам яагаад тэр нэрийг зүүсэн нь тодорхойгүй. Харин тэр Семипалатинск хот нь анх XVIII зууны дунд үед бий болж энэ нэрийг авахад монголчуудын, чухамдаа ойрадуудын байгуулсан орон суурин уг сурвалж нь болсон гэдэг нь Орос, Казахстаны түүхэн сурвалжуудаар гарцаагүй нотлогддог. Юу гэвэл тухайн үед Зүүнгарын хаант улсын эзэмшин нутаглаж асан тэр газарт Дархан цоржийн хийд гэж байсан нь Оросын түүхийн эх сурвалжид их л тодорхой байх бөгөөд тэр хийдэд, эсвэл хийдээс айхтар холгүй Буддын шашны долоон тооны дуган байсан нь гарцаагүй аж.
1640-өөд онд эхэлсэн Зүүнгар-Хасагийн зуугаад жилийн дайн самууны эхэн үеийн хөлд тэр хийд, сүм дуган үрэгдсэн бөгөөд яг долоон тооны чулуун дуганын нуранги, тэдгээр дуган бүрэн бүтэн үедээ ямар дүр зурагтай байсныг сэргээн дүрсэлж болохуйц хэмжээнд буюу сүрхий танагтай байсныг тухайлбал Хаант Оросын офицер Г.Миллер 1734 онд түүгээр явсан аяллын тайландаа маш дэлгэрэнгүй тэмдэглэсэн нь цагаан дээр хараар үлджээ. Чухам тэр Г.Миллерийн бичсэн дотор “Халимагууд тэр долоон дуганыг Дархан цоржийн хийд гэнэ” хэмээн бичсэн буй. Тэр байтугай энэ өгүүлэн буй цаг үеэс зуу гаран жилийн өмнө тухайн үеийн Оросын эзэн Михаил Фёдоровичийн 1616 оны нэгэн зарлигт тэр долоон дуганыг нэр цохож хэлсэн зүйл буйг архиваас олж үзсэнээ Г.Миллер өгүүлээд, бодсоноос ч эртний юм байна гэж гайхсанаа бичсэн буй. Мөн Г.Миллерийн дараа Семипалатинскт ирсэн Петер Фалькийн (агуу эрдэмтэн Карл Линнейн шавь) туслах Барданес гэдэг хүн тэр долоон дуганыг тал бүрээс нь нэгд нэггүй, маш нарийвчлан хэмжиж үзээд бэлтгэсэн тайландаа “Татарын буюу Монголын байшин... козак цэрэг пийшин барих гэж тоосгыг нь авахаас өмнө ердөө саяхан болтол хамаагүй дээр байдалтай байсан гэнэ. Тангад үсэгтэй тоосгонууд байдаг байжээ” гэхчлэн бичсэн байнам.
Судалгааны хүмүүсийн үүнчлэн тэмдэглэж үлдээснийг үзвэл энэ яригдан буй орон суурин нь манай ойрад монголчуудын байгуулж хоцоргосон зүйл болох нь баараггүйг үл нуршин эргээд Семипалатинск нэрийн учрыг өгүүлэхэд энэ нэр болбаас чухам тэр долоон дуганыг хэлсэн орос үг мөнөөсөө мөн юм. Семь гэдэг нь орос хэлний долоогийн тооны нэр, үзэмжит сайхан орд өргөөг оросууд палата гэж хэлэх нь бий бөгөөд Эрчис мөрний баруун бие дэх хэсэг газар чухам тэр долоон дуган байсны ор дээр, мөнөөхөн цаг үед мөрнийг өгсөн сөөм сөөмөөр ахиж байсан I Петр хааны хайгуулын цэрэг 1718 онд шивээ байгуулж Семипалатинск хэмээн нэрлэсэн, өөрсдөө ч түүх бичлэгтээ яг л ингэж тэмдэглэдэг ажгуу. 1718 он гэдэг бол ойрадууд Эрчис мөрний эх өөд нэлээд шахагдаж, шинэ орон зай, олз хайсан оросууд тэдний газар нутгийг түрэн эзлэх нь маш шаргуу болсон үе билээ.
Өнөөдөр харин энэ хотын албан ёсны нэр Семей болсон бөгөөд хаа байсан 130 километрийн холд буй Семипалатинскийн цөмийн полигонтой хүмүүс андуурдаг учраас өөрчлөхөөс болшгүй гэж үзээд 2007 онд улсын ерөнхийлөгч нь зарлиг гаргаж сольсон гэнэм. Казахын үндэсний соёлд том байр суурь эзэлсэн олон эрхэм хүн энд мэндэлсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас энэ хотоо казахчууд улсынхаа түүх, соёлын өлгий хэмээн нандинд үздэг байна.