images

Таван хаан сахиусны хувилгаан


     VIII Богдын үед Их Хүрээний 30 аймгийн нэг Хувилгааны аймагт байсан Дашдорж хэмээн эрдэм чадал хэтэрхий ламын талаар маш олон яриа байдаг. Богд нэг өдөр Дашдорж гуайг дуудуулж гэнэ. Ирэхээс нь өмнө зураачдыг далд суулгаж, Дашдорж гуайн хөргийг зурахыг даалгажээ. Тэгэхдээ хүн тус бүр Дашдорж гуайн биеийг хуваарилж зурах, өөрөөр хэлбэл зарим нь нуурийг, зарим нь гар хөлийн хөдөлгөөний байдлыг гэх мэт хувааж авч зурахыг тушаажээ. Харин хэзээ зурж эхлэхийг Богд дохио өгч мэдэгдэнэ гэж.

     Удалгүй Дашдорж гуай их сайхан зантай хүрч ирээд “Та намайг дуудаа юу?” гэж. Богд “Үгүй ээ” гэж. Дашдорж гуай яваад л өгч. Тэгж байтал орой хэрд нэг сойвонгоо явуулаад л дуудуулж. Дашдорж гуай жаахан дургуй маягтай ирээд “Та намайг дуудуулаа юу?” гэжээ. Богд “Үгүй ээ” л гэжээ. Нөгөө зураач нарт Богд дохио өгөхгүй л байж. Тэгээд нэлээд орой хэрд Дашдорж гуай руу дахин хүн явуулж дуудуулжээ. Тэгсэн Дашдорж гуай уурлаж “Энэ муу төвд лам чинь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ?” гээд шуугиад ороод иржээ. Тэгэхэд нь Богд нөгөө зураач нартаа дохио өгч зуруулаад, тэгээд Дашдорж гуайг аргадаж, цай зоог бариад хүндлэн явуулжээ.

   Нөгөө зураачид дор дороо зургаа зураад нийлүүлсэн чинь Таван хаан сахиусны дүр бий болжээ. Богд “За наадахаа Бадам-Ёгын дацанд аваачаад залчих. Тэгээд Дашдоржид үзүүлчхээрэй” гэжээ.

   Хэд хоногийн дараа Бадам-Ёг дацангийн дуганч лам нь Дашдорж гуайг залж аваачаад, бурхдын хөргүүдийг үзүүлж явжээ. Дашдорж гуай бурхан нэг бүрийг үзэж залбираад яваад байж. Тэгж байтал, нөгөө өөрийнхөө зураг дээр иржээ. Тэгсэн Дашдорж гуай “Түй!” хэмээн тэр зургийг нулимчхаад яваад өгчээ. Энэ тухай Богдод айлтгавал Богд “За болох нь тэр. Таван хаан өөрөө өөрийнхөө хөргийг аравнайлж байгаа нь тэр” гэсэн гэдэг. Үүнээс үүдээд Дашдорж гуайг Таван хааны хувилгаан гэж ярих болсон байна.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос.