images

Намын байр ба охидын тавьсан гал


Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийн хуучаас

     Мэндээ бид хоёр 1990 оны намар МСДН-ын нарийн бичгийн дарга болонгуутаа л намын байртай болохоор хөөцөлдлөө. Хотын захиргаа манайд хэд хэдэн байр санал болгосноос бид хоёр үзэж үзэж Дуурийн театр, Соёлын төв өргөө хоёрын дундах хүзүүвчний шилэн байрыг сонгосон юм. Бид хоёр энэ байраа яг хүлээж аваад сандал, ширээгээ тоолж шалгаад бөөн баяр болж байтал хэн нэг нь хаалга хүчтэй балбадаг юм байна. Тэгснээ миний нэрийг дуудаж “Ах аа, танайх шатаж байна. Түргэл, түргэл” гэлээ. Тэр үед манайх МУИС-ийн оюутны дотуур байранд амьдардаг байсан юм. Би ч хар гүйхээрээ байрандаа хүртэл өрөө бараг нүүрс болчихсон, бага охин Сараа минь угаартаад шалан дээр уначихсан, шугамын радиогийн хайлсан утас унжаад нүүрэн дээр нь дусдагийн даваан дээр би оров. Харин эгч нь цонхны тавцан дээр авирч гараад салхивчаар толгойгоо цухуйлгаад уйлчихсан зогсож байлаа. Тэр үед ухаан балартаад юу хийж яваагаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд хүүхдүүдээ хажуу өрөөний айлд оруулчихсан байсан. Тэгж явахдаа л гэр бүл, үр хүүхэд миний сэтгэл зүрхний гол цөм юм байна гэдгийг ойлгосон доо.

    Нэг ор, ширээ сандал мэтхэн тавиад бөгс эргэх зайгүй болчихдог оюутны байранд яалт ч үгүй хувцасны шүүгээ хэрэг болохоор нь би байгаа зайгаа ашиглаад хуурай пүрүүсээр хананд тавиур хийгээд хөшиг унжуулчихсан юм. Хувцас хунараа шалаар нэг хөглөрүүлээд суултай нь биш гээд амьхандаа боловсон юм бүтээчхээд байгаа нь тэр шүү дээ. Гэтэл гэртээ үлдсэн хоёр охин минь тоглож байгаад өлгөөтэй хувцасны халааснаас чүдэнз олжээ. Чүдэнзээ зурж асаагаад унтраах гээд газар хаяхад нь өнөө хөшигт нь хүрч гал авалцаад хуурай модон пүрүүс нь яах ийхийн зуургүй шатсан юм билээ. Эхнэр бид хоёр бодох санах юмгүй хүүхдүүдээ гэрт нь цоожлоод гардаг байлаа. Залуу насанд мөн ч бөх зүрхтэй байж дээ.

   Тухайн үед бидэнд тусалж охидын минь амийг аварсан МУИС-ийн багш Л.Чулуунбаатар, ажилтан Д.Төмөрбаатар, Барилгын нэгдүгээр ТМДС-ийн багш М.Нямсүрэн нарт “Нийслэлийн сонин бичиг” сониноор дамжуулан талархал илэрхийлж байлаа.

Н.Алтанхуяг. "Оргил өөд" номоос