images

Адараатай учирсан минь


Ховд аймагт суугаа зурхайч, түүх судлаач З.Мөнхтөр хуучилсан нь:

     1989 он. Би ээж, дүүгийн хамт хэдэн малтай хөдөө суудаг байлаа. Манайх Ховд аймгийн Мөнххайрхан сумын айл. Хавар болж цаг наашлаад мал төллөөд дуусах дөхөж явсан цаг. "Хотоос урлагийн бригад ирж сумын төв дээр томоохон тоглолт хийх юм гэнэ" гэсэн сураг дуулдлаа. Хэдэн мал дагасаар ертөнцийн чимээ, урлаг уран сайхан гэгчийг мартах шахсан би бээр тэр сайхан тоглолт очиж үзэх, бас чиг эрийн цээнд хүрч яваа хүний хувьд төв газраар орж үеийн залуустай хэдэн өдөр бужигнаж дарвихыг туйлаас хүсэж байлаа. Хөөрхий ээж минь ч миний бодлыг таасан мэт “Миний хүү сум ороод тэр концертыг үзэж сонирхоод, бас жаал жуул ажил амжуулаад ирэх үү” гэх нь тэр. Хөөрч баярласан би даруй хувцаслан сумын төв орохоор явганаар замд гарлаа. Энэ өдөр бол 4 дүгээр сарын 2-ны өдөр байсан юм. Морьтой явж болох ч төв орсон хойноо морио маллах, өвс тэжээл ховор болохоор идүүлж ундлах гэж бөөн төвөг болдог болохоор ийнхүү явган таваргаж яваа нь тэр. Манайхаас сумын төв хүртэл 30 километр орчим зайтай. Манайх “Ендэртийн Урт өөм” гэдэг газар нутаглаж байсан юм. Өглөө эртхэн гарсан би Ендэртийг уруудан зогсолгүй алхсаар “Завсар усан” өгсөөд алдарт “Улаан говь”-ийн хөтөл дээр гарч ирлээ. Ингээд жаал сууж амраад Улаан говио уруудан алхаж явтал машины дуу сонсогдохоор нь эргэж хартал араас "УАЗ-469" машин тоос манарган давхиж ирээд яг миний дэргэд зогслоо. Амар мэндийг нь асуутал тэд энэ замаар явбал Мөнххайрхан сум орох эсэхийг асууж байна. Би ч “Мөн мөн. Яг энэ зам дагаад явбал хүрнэ” гэв. Тэгтэл тэдний дундаас аргил дуутай, монхор хамартай нэгэн ах намайг хаа хүрч явааг асуулаа. Би ч сум орох гэж яваагаа хэлэв. Тэгтэл нөгөө эр “Наашаа орж ирээд суучих. Зам заагаад, бас нутгийнхаа сониноос ярьж өгнө шүү” гэхэд нь би үг дуугүй орж суулаа. Манай нутгийн гэхээр таних хүн нэг ч алга. Гял цал болсон сайхан хүмүүс аж. Их холоос яваа бололтой.

     Бид ч давхисаар удалгүй сумын төв орж ирээд би тэдэнд сумын зочид буудал, улаан буланг зааж өгөөд баярласнаа илэрхийлэн бууж одлоо. Ингээд үеийн хэдтэйгээ нийлж аваад хэрэн хэсэж, инээж шуугиж явсаар орой нь концерт үзлээ. Концерт эхлээд хөтлөгч нь “Монголын алдарт дуучин Адарсүрэн” гээд зарлахад нь би бараг чихэндээ итгэсэнгүй. Араажаваар байнга сонсдог тэр алдартай хүн хаа холын манай суманд ирсэн гэж үү гэсэн үл итгэх бодол төрж байна. Тэгтэл Улааговийн замд ядарч явахад намайг дуудаж машиндаа, бүр дэргэдээ суулгасан нөгөө аргил дуут, монхор хамарт эр гараад ирэх нь тэр. Би нүдэндээ итгэсэнгүй. Шүтэн биширч явсан энэ алдарт дуучинтайгаа би хамт сууж, бүр яриа хөөрөө өрнүүлж ирсэн гэж үү? Ингээд “Алтай хангайн уулс”, “Сэвтээ нь үгүй сэтгэл” гээд дуулж эхлэхэд нь би итгэхээс өөр арга байсангүй. Тэр өдрийн тоглолт бол миний үзсэн хамгийн гайхамшигтай тоглолт байсан юм. Орой тоглолт тарсан хойно би Ар Монголын алдарт дуучин Адараатай нэг унаанд суудал хувааж ирсэн тухайгаа үеийн нөхдөдөө баяр бахдал болон ярилаа. Үүнээс хойш нэг хэсэгтээ л би хүмүүст ярьдаг сонинтой болсон билээ. Одоо ч энэ тухай хүмүүст дурсаж ярихад сайхан байдаг.