images

Ашиг занги


     Түшээт ханы хошууны нэг хүн хүнд хараал хийж алсан гэдэг хэргээр яллуулах болжээ. Нутаг хошуунаас нь хэрэг нийлүүлэхээр Ашигийг явуулсан байна. Ашиг явахдаа илгэн өмд, ямааны арьсан дээл авч явжээ. Хүрээ орж очоод муу ямааны арьсан дээлээ өмсөөд Шанзавын яамны үүдэнд нэг муу өвгөн болон суугаад байж гэнэ. Тэгээд банздуулж байгаа хүний хэлэх үгийг сонсож байтал нэг залуу ламыг “Чи хараал хийсэн нь үнэн үү” гээд цохиж байна гэнэ. Цаадах нь “Үнэн” л гэж байна гэнэ. Тэгээд зуу банздаад авч орох завсар нь Ашиг занги амжиж очоод “За хө чи багш чинь хэн бэ гэвэл Богдын Ёнзон гэж хэлээрэй” гээд оруулжээ. Маргааш нь Ашиг занги хэрэг шийдэлцэхээр ирснээ мэдэгдэж ямба ёсны хувцастайгаа иржээ. Эхлээд Ашиг асуух болсон байна.

- Задарсан хар тархи чи хошууны нэр хорлож хараал хэлж хүн ална гэнэ ээ. Үнэн үү?

- Үнэн

- Чи ямар хараал хэлж хүн алдаг юм? Барам, шидэл, годил, лүд гэсэн үү гэсэнд бусад ноёдууд нь

- Үгүй ээ, тийм хараал биш. Өөр ном байдаг юм байхгүй юу гэцгээж гэнэ.

- Аа тийм үү тэгвэл чамд түүнийг хэн зааж өгсөн юм. Багш чинь хэн бэ?

- Богдын Ёнзон багш

- Аа тэгвэл тэр Ёнзонг барьж аваад ир. Шавь нь ингэж хүн алаад байгаа юм, багш нь бас олныг алсан байж таарна. Яваад бариад ир гэхэд бусад ноёд яах ч учраа олохгүй болж хэрэг цагаадсан гэдэг.

 

Эх сурвалж: Монгол ардын аман хууч номоос