AriZona
Өнөөдрийн Нэр
2023-02-02
Гучин жилийн турш эдийн засгийн ямар ч нөхцөл үүссэн нэг л үнээрээ зарагдаж байгаа ундаа бол “AriZona” юм. Анх 1992 онд Брүклинд өссөн Дон Вултажио (Don Vultaggio) энэ хүйтэн цайны санааг гаргажээ. Тэрбээр бизнестээ нэр өгөхдөө дулаахан, эрүүл орчин гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн байна. Түүний Нью-Йорк дахь гэр шар, ягаан, оюу ногоон өнгөтэй учир найзууд нь Сантай Фэ байшин гэдэг байжээ. Иймээс ундаагаа Санта Фэ гэж нэрлэхээр шийдсэн гэнэ. Гэвч энэ нэр нэг л зохицолгүй санагджээ. Ингээд Санта Фэд ойрхон, ундааны савлагаа дээр гоё харагдах газар хайсан ч бүр холдож өмнө хэзээ ч очиж байгаагүй Аризонад суурьшив. Энэ талаар Дон Вултажио CNN-д өгсөн ярилцлагадаа “Би үргэлж эрүүл, цэвэр, хуурай Аризонаг Брүклинээс өөрөөр мэдэрдэг байсан. Тэгээд амьдралын хэв маяг, байгаль орчин, цаг ууртай холбоотой нэр өгвөл хүмүүс сэнгэнэсэн хүйтэн цай уухыг хүснэ гэж бодсон” хэмээн ярьжээ. Харин ундааны савлагааны загварыг гаргахад Z үсэг нь томоор байх нь илүү дээр санагдсан байна. Мөн Санта Фэ байшин шигээ олон өнгө, хээгээр алаглуулан хийжээ. Ийнхүү “AriZona” хүйтэн цай гарсан даруйдаа олонд танигдсан юм.