images

“ХИД 2”


     Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Төмөр замын арктай шар” хэмээгдэх байрны баруун талд буюу 20 дугаар сургуулийн зүүн өмнө байх дэлгүүрийг нийслэлийнхэн “ХИД 2” хэмээн нэрлэж заншжээ. Тэгвэл энэ ХИД гэдэг нэр нь Хүнсний их дэлгүүр гэсэн үгийн товчлол юм. Анх 1980-аад оны эхээр одоогийн “Бөмбөгөр” захын зүүн хойно нийслэлийн төдийгүй Монголын анхны хүнсний их дэлгүүр, анхны өөртөө үйлчлэх дэлгүүр байгуулагдсан бөгөөд тухайн үед хүнсний төрөлжсөн их дэлгүүр байгаагүй тул Хүнсний их дэлгүүр хэмээн нэрлээд товчлолоор нь ХИД гэх болжээ. Тэр үед хүнсний аль ч дэлгүүр лангууны араас наймаагаа хийдэг, танхимд орж бараагаа сонгон сагсанд хийгээд гарахдаа кассанд бичүүлж тооцоо хийдэг хэлбэр нэвтрээгүй байв. Ийм хэлбэрийг тус дэлгүүрт анх нэвтрүүлж, энэ хэлбэрийг өөртөө үйлчлэх гэж нэрлэдэг болсон юм. Хожим 80-аад оны сүүлээр Төмөр замд бас нэг ийм дэлгүүр байгуулсныг “ХИД 2”  хэмээн нэрлэсэн түүхтэй. “ХИД 1” нь 90-ээд оны дундуур хувьчлагдсаныг “Женко” компанийн захирал Халтмаагийн Баттулга худалдан авсан нь одоо англи хэлний “Raffles сургалтын төв, C1 телевизийн байр болсон байна. Харин “ХИД 2”-ыг 1996 онд хувьчлахад “Наран трейд” компанийн охин “Наран Март” ХХК худалдан авч “Наран супермаркет” нэртэй болгосон нь өнөө ч хэвээрээ бөгөөд гагцхүү нийслэлчүүд энэ шинэ нэрийг нь төдийлөн хэрэгсэхгүй, “ХИД 2” хэмээх хуучин нэрээр нь нэрлэсээр байх ажээ.

Монгол улсын анхны Хүнсний их дэлгүүр буюу ХИД.