images

“Ганги лодой” унших буюу цоож гаргах эрдэм


     Өвөр Монголын Бандид гэгээний хийд дээр Хонхорын Дорж гэдэг нэг банди байжээ. Гурван жил сууж, дахиад таван жил суужээ. Ердөө ном сурдаггүй гэнэ. Ганцхан сурсан ном нь гэвэл, Манзушир бурхнаас оюун билиг гуйсан “Ганги лодой” гэдэг ном байжээ. Ном сурахгүй болохоор багш нь “За чи ном сурахгүй юм шиг байна. Чамд их номоор ч яах вэ. “Ганги лодой”-г чи мэднэ. Тэр чинь чамд болно. Түүнийгээ л сайн уншиж яв” гэжээ.

     Хонхорын Дорж тэгээд Бандид гэгээний хийдээс гараад, гэртээ явчихжээ. Гэр нь Бандид гэгээний хийдэд ойрхон юм гэнэ. Хөдөө гараад, мал маллаад явдаг байж. Тэгэхдээ өнөөх “Ганги лодой”-гоо уншаад явдаг байжээ. Хонхорын Дорж бас хулгай хийдэг байжээ. Хулгайн хэрэгт холбогдоод, хошууны тамгын газрын хар гэрт ороод хоригдож байж гэнэ. Гартаа гавтай, хөлдөө төмөр тушаатай байдаг байжээ. Дорж нэг шөнө өлсөөд ер болдоггүй гэнэ. “Ганги лодой”-гоо уншаад, гавныхаа цоожийг үлээсэн чинь тор хийгээд унаж гэнэ. Гар нь сул болжээ. Тэгэхлээр мөн “Ганги лодой”-гоо уншаад, хөлний тушааны цоожийг үлээж гэнэ. Мөн тор гээд унаж гэнэ. Гар, хөлөө сул болохлоор шөнө босож гадуур жаахан тойрч яваад үүр цайхаар бүр гадагшаа явж. Тамгын газрын хар гэрээс зүүн тийш нэлээд зайдуухан хэдэн гэр айл харагддаг байжээ. Дорж тэр айлд очиж тараг идье гэж бодоод хүрээд очжээ.

     Хар гэрийн хуяг өглөө босоод хоригдлуудаа бүртгэж үзсэн чинь Дорж алга болсон, гав тушаа нь газар хэвтэж байж гэнэ. Айж сандраад, тамгын түшмэлд очиж хэлсэнд түшмэл “Чи тавиад явуулчихсан байлгүй яах вэ. Төмөр гав тушаа өөрөө яагаад сулрах вэ?” гээд загнаж гэнэ. Тэгээд “Доржийг үдээс урагш олж ир. Олж ирэхгүй бол оронд нь чамайг хорино!” гэжээ. Өнөөх хуяг гараад дэмий явж гэнэ. Шөнө оргоод явчихсан хулгайчийг олно гэх найдвар байхгүй юм. Юу ч гэсэн тэр зүүнтээх айлаас асууя гэж бодоод тэнд очиж. Тэгсэн чинь тэр айлын нэг гэрт Дорж тараг идээд сууж байна гэнэ. “За чи энд байгаа нь яамай. Чи намайгаа алах шахлаа. Би чиний оронд хоригдох шахаад байна. Чи яах гэж энд ирээ вэ?” гэж. “Би тараг идэх гэж энд ирсэн. Өлсөөд сууж болохгүй юм аа” гэж гэнэ.

     Хуяг нь Доржийг дагуулаад тамгын газар очжээ. Тамгын түшмэл өнөөх хоёрыг байцааж. “Чи яах гэж оргосон бэ? Чи яах гэж оргуулсан бэ?” гээд зандран асуужээ. Хуяг “Би оргуулаагүй” гэж үнэнээ хэлж дээ. Хонхорын Дорж “Би оргоогүй. Тараг идэх гэж тэр зүүн айлд очсон. Өлсөөд болохгүй юм” гэж мэдүүлэв. “Чамайг хэн тавьж явуулсан бэ?” гэж түшмэл асуужээ. Дорж “Намайг хэн ч тавьж явуулаагүй, би өөрөө сулраад” гэв. “Төмөр гав тушааг чинь хэн сулласан бэ?” гээд дахиад асууж. “Би өөрөө үлээгээд сулласан” гэжээ. Тэгэхээр түшмэл гайхаад “Чи одоо дахиад гав тушаагаа суллаж чадах уу?” гэж. “Чадна байгаа” гэж хариулжээ. Гавыг гарт нь хийгээд, тушааг хөлд нь хийгээд, түшмэлийг харсаар байтал цоожлоод, түлхүүрээ бариад байж гэнэ. Тэгэхэд Дорж амандаа нэг юм унших шиг болоод, гаваа үлээгээд гав нь суларчээ. Тушаагаа үлээсэнд тушаа нь суларчээ.

     Түшмэл хэлж гэнэ: “Төр засаг гэдэг хүнд байдаг. Чи оргож болохгүй. Чи дахиад нэг сар хар гэрт суу. Цааш нь бид чамайг тавихыг бодно. Чи хулгай хийхээ боль!” гэхэд Дорж “За” гэжээ. Түшмэл бас хэлжээ: “Чамд өдөр бүр тараг өгч байна гээд хуягт нь “Үүнд тараг авчирч өгч бай” гэж тушааж. Түүнээс хойш сар болоод Доржийг суллан тавьжээ. Дорж тэгээд хулгай хийхээ болив. Мал маллаад их баяжсан юм гэдэг.

     Доржийн энэ мэдээг Гандан дээр суудаг барга лам Жамъянчоймбол надад ярьсан юм. Жамъянчоймбол энэ мэдээг үзэмчин лам хувилгаанаас сонссон гэдэг. Тэр хувилгаан Хонхорын Доржийг таньдаг байсан гэдэг. Хувилгаан 1970 онд Гандан дээр нас барсан юм. “Ганги лодой”-д нисванисын цоожны ѳргѳсийг мултлах гэж үг байдаг юм гэж хэлсэн. Тэр номд тийм үг байдаг юм байх

Х.Сампилдэндэв. “Монголын хууч ярианы дээж” (2003) номоос.