images

“Гуч хүрсэн бүсгүй”


Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Отгонбаяр “Гуч хүрсэн бүсгүй” дуу бүтсэн түүхийг манай сайтад хуваалцлаа.


     2016 оны зун танил ахынхаа хамт Урт цагааны тэнд хүнтэй уулзахаар хүлээж байлаа. Нөгөө хүн маань товлосон цагтаа хүрч ирдэггүй. Бид хоёр машин дотор хүлээж байсан юм. Тэгээд сууж байхад машины урдуур хойгуур бүсгүйчүүд зөрж өнгөрөхөд бидний яриа энэ сэдэв рүү орж ах “Гуч гарсан бүсгүй бүрэн боловсорсон жимс шиг байдаг юм” гэхгүй юу. Би энэ үгийг анх удаа сонсож, их сонин санагдсан тул яг одоо энэ үгийг оруулаад шүлэг зохиоё гэлээ. Тэр ах маань намайг шүлэг оролддогийг мэддэггүй юм. Тэгээд намайг басаж байна. Хэрэв бичвэл хоёр шил архи авч өгье гэв. Тэр үед надад дуу бадаг, дахилттайгаа тэр чигээрээ орж ирсэн.

Гуч хүрсэн бүсгүй гэдэг цаанаа л нэг эрхэмсэг
Гунхаж явахыг нь хархад дэндүү өөртөө итгэлтэй
Сайхан залуугийн харцанд ээрэгдэн явахдаа жаргалтай
Санаж учирсан амрагтаа янаг халуун сэтгэлтэй” гээд нэг дор энэ дууны шүлгийг бичээд дахиж засвар оруулаагүй. Ах ч баярлаж машин тойрч гүйгээд тэр эрчээрээ явж надад шангаа ч авчирч өгсөн. Энэ дууны шүлгийг бичсэн түүх бол ийм л юм. Түүнээс биш би гуч гарсан бүсгүйд дурлачихаад бичээгүй. Харин “Нүүр дүүрэн мишээх нь монгол бүсгүйн донжтой Нүд, сормуус, хөмсөг нь уран галбирлаг шидтэй” гэж бичихдээ дотроо эхнэрээ бодож, эхнэртээ зориулж бичсэн юм. Ингээд “Гуч хүрсэн бүсгүй” шүлгээ Фэйсбүүктээ нийтэллээ. Хүмүүст их хүрч миний дагагч, найзын тоо ч нэмэгдсэн. Зураач хүртэл энэ шүлэгт зориулж монгол бүсгүйн зураг зурж байлаа. Гэхдээ энэ дууны шүлэг биш байсан. Ийм янзаараа цахим орчинд жил гаруй явсан юм. Гэтэл нэг өдөр А.Мөнгөншагай над руу залгаад “Найз нь "Улаанбаатар" чуулгын дуучинд дуу хийж өгөхөөр болсон юм. Шүлгүүдээ аваад хүрээд ирээч” гэсэн. Тэгээд очиход Бямбадорж гэдэг дуучин ирсэн байна. Талийгаач анд минь миний шүлгүүдийг үзэж эхнээс нь аялж үзээд “Ямар ая хийвэл зүгээр вэ?” гээд байж байтал шүлгүүд дундаас “Гуч хүрсэн бүсгүй” гараад ирлээ. Би ч “Өө, энэ дууны шүлэг биш” гээд авчихсан юм. Тэгсэн А.Мөнгөншагай миний гараас булааж аваад шууд л аялаад дуулаад эхэлсэн. Бид хоёр ч гайхаад, Бямбадорж босож суугаад, хоёр гараа үрчээд л. Ингэж л найз маань тэр дор нь ая хийсэн дээ. Түүнээс хойш би хөгжим, клипний ажилд оролцоогүй. Би ер нь шүлгээ өгөөд л орхидог юм. Тэгээд дуучин Бямбадоржийн дуулснаар хүмүүст анх хүрсэн. Тэгэхэд А.Мөнгөншагай продюсерээр нь ажиллах гэрээ байгуулаад ажилласан юм билээ. Тийм болохоор одоо караоке ороход дуучин Бямбадорж гэж гарч ирдэг. Харин найзын минь сэтгэлд нэг л хүрэхгүй, дууны донж, эрхэмсэг байдал гарч ирэхгүй байсан бололтой өөрөө дуулахаар боллоо. Тэгэхдээ хөгжмийн найруулгыг нь сайн хийх гэж Монголын бүх сайн студиэр явсан. “Энэ сайн болсонгүй” гээд дараагийн студи руу явна. Тэгсэн хэрнээ мөнгөө буцааж авахгүй шүү дээ. Тухайн үед хөгжмийн найруулгад тав зургаан сая төгрөг зарахад нь би нарийн учрыг мэдэхгүй болохоор “Яасан их мөнгө зардаг юм бэ” гэж л байсан. Найз минь юмыг тултал нь сайн хийхийг хичээдэг хүн байлаа. Тийм болохоор “Хөгжмийн найруулагчид тохирсноосоо их хөлс өгөх хэрэгтэй. Тэгж байж сайн бүтээл гарна. Тэр хүн сэтгэл гаргана” гэдэг байв. Үнэхээр ч сайн хөгжмийн найруулгатай дуу болсон. А.Мөнгөншагайгийн дуулснаар гарсан даруйдаа Монгол, Өвөр Монгол, дэлхийн монголчуудад маш сайн хүрсэн юм. Талийгаач маань ч 21 аймгаар “Гуч хүрсэн бүсгүй” тоглолтоо хийсэн. Хамгийн сүүлд Улаанбаатарт надтай хамтарч хийхээр тохирсон байсан ч ажил болгож чадалгүй өөд болсон доо. Бид хоёр “Гуч хүрсэн бүсгүй” ном, CD, тоглолт гэсэн гурвалсан төсөл бичсэнээс ном нь гарсан. Найз минь бурхан болоод гурван жил боллоо. Дурсгалыг нь хүндлээд CD гаргана даа гэж бодож байна.