images

Гэцэл гуай


     Одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд Гэцэл гуай гэж нутгийнхан нь хүндлэн авгайлдаг нэгэн лам хүн байжээ. Тэрбээр дүүгийнхээ хаяаг бараадан ганц биеэр амьдардаг байж. Нэг удаа дүүгийнхээ хамтаар хоёр гэрээр нүүх болоод тэгтэл саяхан тугалласан, нялх тугалтай үнээ нүүдлийн ая гүйцэхгүй үлдэх гээд тууж явах аргагүй болжээ. Тэгсэн Гэцэл гуай "Та нар түрүүлээд буух газраа хүрч, гэрээ барьж бай. Би энэ тугалтай үнээг аясаар нь туугаад очъё" гэжээ. Ингээд дүү нь түрүүлж очоод гэрээ бариад, эхнэр нь цай чанаж эхэлжээ. Эхнэрийгээ нэг гарахад нь "Гэцэл ах үзэгдэж харагдана уу, хараадхаарай" гэсэнд эхнэр нь орж ирээд "Гэцэл ах ганцаараа ирж байна" гэж хэлж гэнэ. "Ганцаараа ирэх ёсгүй дээ. Тугалтай үнээгээ хаана орхио юм бол" гэж бодож. Жаахан байж байгаад эхнэр нь гадагш харснаа "Гэцэл ах нэг үхрийн толгой эврээс нь бариад ирж байна" гэжээ. Нэлээд удсаны хойно харвал бүр ойртоод ирсэн байх ба тугалтай үнээ туусаар ирж байгаа харагджээ. Үүний учир юу гэвэл Гэцэл гуай хоосон чанарын номын ухааныг олсон хун байсан тул тугалыг нь эхэд нь багтаагаад, эхийг эвэрт нь багтаагаад, дан эвэр барьсаар хүрч ирээд гэрийн гадаа ирэнгүүтээ буцааж бүгдийг гаргасан хэрэг байжээ.

“Монголын Бурхан шашны аман түүх 2” номоос.