images

“Өрөөнд тагтаа орж ирлээ”


Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ гэж эхэлдэг хүүхдийн алдартай дууг хүүхдийн зохиолч, яруу найрагч Ж.Дашдондог (1941-2017), хөгжмийн зохиолч Л.Галмандах (1953-2007) нар хамтран зохиожээ. Булганы Бүрэгхангайн уугуул Ж.Дашдондог, Хэнтийн Өмнөдэлгэрийн уугуул Л.Галмандах нар гуч гаруй жил хамтран ажиллахдаа нийт 13 дуу зохиосон түүхтэй. Шүлэгч энэ дууг зохиохдоо бодит үйл явдлаас сэдэвлэсэн бөгөөд үнэхээр нэгэн өглөө гэртээ, өрөөндөө зохиол бичиж суутал цонхоор нь тагтаа орж ирсэн гэдэг. Айлын өрөөнд тагтаа орж ирвэл эргээд гарах гэж зүтгэдэг байтал тэр тагтаа орж ирээд зогсохгүй, хөргөгчин дээр нь суужээ. Найрагч тэр даруй тагтааны зургийг авч, эргэж суугаад л шүлгээ бичсэн гэнэ. Энхтайвныг тагтаагаар бэлгэддэг байсан тул энэ шүлгээ тийм л санаагаар буюу даян дэлхийн энх тайвныг бодож бичсэн байна. Энэ явдлаас хойш айхтар удалгүй түүний шүлгийн түүвэр үйлдвэрт хэвлэгдээд, гологдол болсон баахан хуудас шалаар хөглөрч байхад нь түүгээр явсан Ажилчины районы (Одоогийн Хан-Уул дүүрэг) 52 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш залуу таарч сонирхон үзэхээр барахгүй өвөртлөөд гарчээ. Сургуулийнхаа ирээдүйтэй дуучин охин Төмөрийн Ариунаад “Арван зургаан нас” (С.Надмидын шүлэг) хэмээх дуу зохиож өгч Монголын радиод бичүүлэхээс (1983 он) өгсүүлээд уран бүтээлийн ид онгодтой явсан тэр залууг Л.Галмандах гэнэ. Өвөрхангай аймаг явах замдаа хэвлэх үйлдвэрээр дайраад гарсан Л.Галмандах тэр чигтээ явж хөдөө очоод энэ шүлэгт ая бичиж дуу хийсэн нь тун удалгүй орон даяар тарж Монголын багачуудын дуртай дууны нэг болсон түүхтэй.