images

"Чи бидэн хоёр"


     Яруу найрагч Б.Лхагвасүрэн эхнэр Баасандаа зориулан “Чи бидэн хоёр”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Чамаараа би зөндөө гоёсон”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” зэрэг олон шүлэг тэрлэж, тэр бүгд нь дуу болсон түүхтэй. Бид өмнө нь "Чамаараа би зөндөө гоёсон" дууны түүхийг хүргэж байсан бол яруу найрагчийн гэргий Д.Баасан "Чи бидэн хоёр" дууны тухай хэрхэн өгүүлснийг хүргэе. Тэрбээр "Б.Лхагвасүрэн ийм шүлэг бичлээ л гэж байсан. "Гоё юм аа" гээд л өнгөрч байв. Тэгсэн нэг л өдөр гэнэтхэн "Хоёулаа Төв аймаг явья. Тэнд З.Батсүх "Чи бидэн хоёр" шүлэгт сайхан ая хийж" гэсэн юм. Тэгээд С.Вандан, Д.Дуламсүрэн хоёроор дуулуулсан" хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр хуучилжээ. Харин энэ дууг анх дуулсан хос дуучдын дуулсан нь цахимд үлдсэн нь ховор ажээ. Тэдний дараа дуучин П.Идэржавхлан, гэргий жүжигчин З.Ононтой хамтран дуулсан нь "Youtube" сувагт 7.7 сая хандалт авсан байна. Мөн дуучин Т.Амина, хос дуучин Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ, Б.Сэрсэндэмид, Б.Отгончимэг зэрэг олон дуучин дуулжээ.