images

"See you again"


    “Youtube” сувагт хамгийн олон хүн үзсэн бичлэгүүдийн тавдугаарт эрэмбэлэгддэг, давхардсан тоогоор 5.7 тэрбум хүн үзсэн “Галзуу хурд 7” киноны “See you again” дууны түүхийг хүргэе.

     2013 оны 3 дугаар сарын нэгэн шөнө Чарли Пут гэртээ хичээлээ хийн сууж байтал цахилгаан тасарчээ. Ингээд нэг байранд амьдардаг найз руугаа залгав.

“Танайд тог байна уу?”

“Үгүй ээ”

“Манайд ч бас ижил, хоёулаа гарч алхах уу?”

“Тэгье” гэсэн ийм нэгэн яриа өрнөжээ. Тэд Бостоны нэгэн сургуулийн хөгжмийн ангийн оюутнууд билээ. Хоёул хотыг тойрон алхах замдаа Чарлигийн ирээдүй болоод хөгжмийн тухай ярилцаж явав. Чарли дууны шүлэг бичдэг болохыг хүснэ. Тэгэхэд найз нь “Чамд авьяас бий. Нэгэн өдөр чи номер нэг дууны шүлгийг бичих болно” хэмээн дэмжжээ. Гэвч тэр энэ таамаглалаа бодит болохыг, Чарлиг шилдэг дууны үг бичигч болохыг үзэж чадаагүй юм. Учир нь, тэр гурван сарын дараа Бостоны гүүрэн дээр мотоциклтой явж байгаад осолджээ. Энэ явдлын дараа Чарли Пут найзынхаа аавд түүнд зориулж дуу бичихээ амласан байна.

     Чарли Бостон дахь коллежоо төгсөөд Лос-Анжелкс явав. Гэвч хэдхэн хоногийн дараа буцаж иржээ. Учир нь, кино уран бүтээлчид “Галзуу хурд 7” киноны жүжигчин Паул Валкер автомашины ослоор нас барсан тул түүнд зориулан кино дуусахаас өмнө дуу хийхээр дууны үгийн сонгон шалгаруулалт зарласныг олж сонсжээ.

     Чарли Паул Валкерийг бас найзыгаа бодлоо. Тэгээд төгөлдөр хуурынхаа ард суугаад уянгын ая дарав. Төд удалгүй “Найз минь чамгүйгээр урт хугацаа өнгөрчээ” буюу “It’s been a long day without you my friend” хэмээн дуулж эхэллээ. Тэр үргэлжлүүлэн “And I’ll tell you all about it when I see you again” хэмээн дуулсаар арван минутын дотор дуу бэлэн болжээ. Тэр төгөлдөр хуурынхаа ард уйлав. Найздаа өгсөн амлалт ингээд биелчихлээ шүү дээ.

     Зуу зуун дууны шүлэг бичигчид кино уран бүтээлчдэд дуугаа ирүүлсэн ч аль нь ч Чарлигийнх шиг онцгой байсангүй. Гэхдээ тэд реппер Виз Калифагаас Чарлигийн зохиосон дуун дээр реп нэмэхийг хүсчээ. Улмаар дуу гарсан даруйдаа л хит болж 73 дахь удаагийн “Алтан бээлий” шагналаас эхлээд олон шагнал авч, хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлсэн юм. Харин Чарли Пут Бостонд очих бүрийдээ найзынхаа осолдсон гүүрэн дээр очдог ажээ. Тэрбээр “Тэр гүүрэн дээр очиж удаан суудаг болохоор хүмүүс намайг галзуу гэж бодож магадгүй. Би түүний хэлсэн бүхнийг боддог. Тэр шөнийг би хэзээ ч мартахгүй” хэмээн ярьж байсан юм. “See you again” дуу 2015 онд олон нийтэд хүрсэн бөгөөд дуу бүтэх үед Чарли Пут 23, Виз Калифа 27 настай байжээ.