images

“Тэнгэрлэг гэгээн андууд”


"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан аяыг нь бичиж, өөрөө дуулсан "Тэнгэрлэг гэгээн андууд" дууны шүлгийг бичсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Отгонбаяр энэ дууны бүтсэн түүхийг манай сайтад ярилаа.

     “Тэнгэрлэг гэгээн андууд” дуу бол “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай найзын минь сүүлчийн уран бүтээл юм аа. Энэ дууг бүтээхийн тулд бид хоёр жил шахам ажилласан. Анх ийм андын тухай дуу хийх саналыг миний нэг найз надад тавьсан юм. Тэгээд би ийм дуу хийхээр боллоо гээд шүлгийг нь бариад А.Мөнгөншагай найзынхаа зуслангийн байшинд нь очиж байлаа. Өмнө нь чатаар шүлгээ явуулсан болохоор “Дуу бэлэн болчихлоо” гээд намайг дуудсан юм. Тэгээд тэдний мансартны дээвэр дээр гарч суугаад аяыг нь сонсож байв. Тэгэхэд найзын минь охин бичлэгийг нь хийж байсан даа. Найз минь юм бүхэнд яардаг ч байсан. Авьяастай, дэврүүн сэтгэлээр машид яарангуй эрч хүчтэй уран бүтээлээ хийдэг байлаа. Тэгээд дууны клипэнд дуу хийх санал тавьсан найз минь өөрийнхөө найзуудтайгаа тоглосон юм. Энэ дууны дүрсийг хийхэд А.Мөнгөншагай найз минь яагаад ч юм микрофон дээр дуулж байгаад микрофоноо орхиод эргэж хараад яваад өгч байгаа дүрс авхуулсан байдаг. Тухайн үед нас барахаасаа гурав хоногийн өмнө Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас гарч ирдэг хэсэг дээр учиргүй тэврэлдэж баахан зураг авхуулсан юм. Студи дээр ирж найз минь дуулсны дараа гарч ирээд мөн л баахан тэврэлдэж зураг авхуулсан. Тэврэлдэх тоогоо гүйцээж байгаа юм шиг л зураг авхуулсан даа. Тэр дууны зураг авалт дуусаад л Өмнөговь явах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тэгэхэд найз минь архи дарс уудаггүй мөртөө “Хэдүүлээ ганц шил юм уучхаад дүрсээ авхуулсан бол үнэн голоосоо тэврэлдэх байсан юм биш үү” гэж байлаа. Тэрэнд би үнэн голоосоо харамсдаг юм. Яагаад гараад ганц шил юм аваад ирээгүй юм бол гэж боддог. Хэрэв тэгсэн бол найз минь тийшээ явахгүй байсан юм болов уу гэж боддог юм. Өөрийгөө л буруутгаж байгаа хэлбэр байх л даа. Тэгээд гарахдаа “Найз нь “Ихэмсэг бардам” гэдэг дуугаа Чулуунчимэгт өгчихсөн байгаа шүү. Чи уулзаад дуугаа сонсоорой” гээд яг л захиас юм шиг яриад байсан. Тэгсэн “Хүүш миний найз машин бариад надтай хамт Өмнөговь явчхаач” гэхээр нь “Би ядарч байна, тэгж явж чадахгүй” гэсэн юм. Гэтэл найз минь замдаа осолд орсон байсан. Тэгж байхад нь хамт явчихгүй яав даа. Тэгээд “Тэнгэрлэг гэгээн андууд” дуугаа яг дуулснаар нь цацсан. Клип дээр эргэж хараад орхиод явсан хэсгийг нь төгсгөлд нь оруулсан. “Тэнгэрлэг гэгээн андын минь хамгийн сүүлчийн уран бүтээл байлаа” гэсэн бичигтэй. Ийм л гунигтай түүхтэй, андуудын нөхөрлөлийг утгаар нь харуулсан дуу даа.