images

"Чикитита"


     "Чикитита" бол Шведийн домогт ABBA хамтлагийн дуу юм. Дуу бүтэх үйл явдал 1978 оны 12 дугаар сарын эхээр өрнөжээ. ABBA-гийн шинэ цомгийн ажил хараахан жигдрээгүй байсан бөгөөд дуу анх цацагдаагүй байхдаа "In The Arms Of Rozellita" гэсэн нэртэй байжээ. Дууг зохиосон Бьорн Улваеус дууны утга нь таалагдсан ч түүнд тохирох нэр олж чадаагүй тул "Chiquitita" болгосон аж. Төрөл жанрын хувьд уянгын дуу. Дуучин бүсгүй сайн найз болох Чикититаг сэтгэлээр унахад нь түүнийг аргадаж “Мэдрэмжээ чөлөөтэй илэрхийл, сайн уйл” гэж зөвлөж байгаа тухай утгатай. Тэгээд “Амьдралаас гэгээлэг талыг хараарай. Чи миний мөрийг түшээд уйлж болно. Би чиний найдаж болох хүн” гэсэн санааг өгдөг. Гэвч энэ дуу гарсны дараахан ABBA хамтлагийн гишүүд Агнета Фальцког, Бьорн Улваеус нарын охин Линдад зориулан бичсэн гэх цуурхал таржээ. Энэ дуу нийгмийн сайн сайхны төлөөх үүргээ сайн гүйцэтгэсэн. Учир нь ABBA хамтлаг энэ дууг анх 1979 оны 1 дүгээр сарын 9-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн тоглолтын үеэр олон нийтэд танилцуулж байжээ. Дараа өдөр нь нь энэ шоуг АНУ-д телевизээр үзүүлж, дэлхий даяар цацсан байна. Дууны сингл гарсан даруйдаа хит болж, чартуудад 'Summer Night City'-ээс хамаагүй илүү дээгүүр тоглогдож байв. ABBA-гийн хувьд уг дууныхаа хоолойн бичлэгийг студид бичиж дууссан ч клип байгаагүй юм. Харин 2 дугаар сард тус хамтлаг Швейцарьт телевизийн тусгай нэвтрүүлэгт оролцох үеэрээ BBC-д зориулсан энгийн тоглолтын үеэр дүрсжүүлжээ. Гадаа асар том цасан хүний өмнө авсан энэхүү дүрсжүүлэлтийг дараа нь уг дууны албан ёсны клип болгон ашигласан байна. Тэгээд дуунаас олсон орлогынхоо талыг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлав.Чикитита гэдэг нь испани хэлээр "Маш бяцхан охин" гэсэн утгатай. Хамтлагийнхан дуугаа өмнөд америкчуудад хүргэхийн тулд испани хэл дээр бичүүлж байжээ. Аргентин дахь "RCA Records"-ын ажилтан Бадди МакКлуски эхнэр Мэритэй "Чикитита" дууны үгийн испани орчуулга дээр хамтран ажилласан байна. ABBA-гийнхан хэлийг нь бүрэн сураагүй ч гэлээ дуугаа тэдний хэл аялгад дөхүүлэхийг хичээсэн хүчин чармайлтыг Латин Америкийн хэд хэдэн орон маш сайхан хүлээн авч, нэр хүнд нь улам нэмэгджээ. Үүгээрээ дэлхийн олон оронд алдартай болсон юм. Тухайлбал, Бельги, Финланд, Ирланд, Мексик, Нидерланд, Шинэ Зеланд, ӨАБНУ, Испани, Швейцарь зэрэг орнуудын шилдэг хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан юм.