images

“Дэгдээхэйн жигүүр гүйцэх боллоо”


МҮОНРТ-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны "Улаан бүч" чуулга 44 жилийн түүхтэй. Энэ чуулгын урын санд байдаг “Дэгдээхэйн жигүүр гүйцэх боллоо” дуу эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож байна. Дуу бүтсэн түүхийг МҮОНТ-ийн “Босох тэнхэл” нэвтрүүлгийн редактор Д.Бадамхандын ярьснаар сийрүүлье.

    “Би 1983 онд наймдугаар ангийн сурагч байхдаа “Дуучин гитар”-ыг дуулдаг “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд ахаар дамжуулан утсыг нь хайн байж Б.Долгион ахтай утсаар ярьсан юм. “Наймдугаар ангиа төгсөхөөсөө өмнө ангийнхандаа мартагдашгүй дурсгал үлдээмээр байна. Та миний шүлгэнд ая хийгээд өгөөч. “Дэгдээхэйн жигүүр гүйцэх боллоо” гэж миний анхны шүлэг юм аа” гэхэд “Миний дүү шүлгээ аваад гүйгээд  ирэхгүй юу” гэж уриалгахан хүлээж авсан.  Тухайн үед өөрийнхөө хөл гар муутайг хэлж чадалгүй “Би өөрөө очихгүй ээ, ах аа. Хоёр найзаараа шүлгээ явуулчихъя” гэлээ. Гайхсан байх. Тэр үед Долгион ах “Новости Монголиа” сонинд ажиллаж, харин би Таван шарын 12 дугаар сургуульд сурч байсан. ”Эзэн нь яагаад өөрөө ирээгүй юм?” гэж Долгион ах найзуудаас маань асуусан байсан. Манай хоёр найз ч миний хөл гар муутай, таягтайг  хэлж, тэгэхэд Долгион ах намайг мэдсэн байх. Би өдөр болгон Долгион ах руу ярина аа. “Ах аа, та аяаа зохиосон уу?” гээд л хүүхэд юм болохоор байнга асууна. Сургуулиа төгсөхөөс өмнө найзууддаа сонсгочих гээд л, бушуухан шиг дуугаа хийлгэчих гээд л яасан ч шаргуу байсан юм. Нөлөөлчих санаатай утасдана аа. “Ах аа, өглөөний мэнд? Сайхан амарсан уу? Та нөгөө аяаа зохиосон уу? "Инээмсэглэл" хамтлаг дуулвал бүр гоё шүү дээ. Танай хамтлаг хүүхдэд зориулсан дуутай болвол гоё доо. Дүү нь ямар ч гэсэн анхных нь дууг ингээд зохиогоод өгчихлөө шүү дээ” гээд л ярина. Долгион ах дотроо өхөөрддөг байсан байх. 1983 оны 4 дүгээр сарын 20-доор шүлгээ өгсөн юм. Явсаар байгаад бид ч сургуулиа төгслөө, хонхны баяр ч дууслаа. Тэр хүртэл би өдөр бүр асуусаар л байсан. Тэгээд би хуучин Гэмтлийн эмнэлэгт хэд хоног эмчлүүлэх шаардлагатай болоод хэвтэж байтал нэг өдөр хоёр найз маань гүйгээд хүрээд ирсэн. “Радио сонсох боломжтой юу? Долгион ах ярьсан. Нөгөө дуу чинь өнөөдөр радиогоор нэг өнгөрөөгөөд хоёр цагийн алдад явна гэсэн, чи сонсоорой” гэж байна. Би ч өрөөнийхөндөө хэллээ. "Шүлгээ өгсөн чинь “Инээмсэглэл” хамтлагийн ах ая хийчихсэн гэнэ ээ. Одоо радиогоор явна гэнэ ээ" гэж. Тэгээд л хүлээж байгаад сонссон чинь хамгийн гоё санагдсан хэсэг нь дахилт байсан.

“...Дэгдээхэйн жигүүр гүйцэх боллоо

Далавчаа дэлгээд нисэх боллоо...” гээд л яг шувууд дэрхийгээд нисэж байгаа юм шиг, тийм гоё. Тухайн үед хүүхэд байсан болохоор “Ингээд би дуутай болчихдог юм байжээ” гээд л бөөн баяр. Дараа нь Долгион ах руу ахиад ярилаа. "Энэ дуугаа захиалаад дахиад сонсъё гэвэл хаашаа ярих вэ? Монголын радио руу захиа бичиж болох юм уу?" гээд л, тийм шаргуу, цагаахан байж дээ. Таньдаг найз нөхөддөө “Би дуутай болсон. Та нар ая дууны мэндчилгээ болгож захиалж болно шүү” гээд л. Энэ дуу минь араасаа 20 гаруй дуу дагуулсан даа”.