images

"Хулсан ташуур"


      Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу, эдүгээ Архангай аймгийн хойд Тамирын голоор нутаглаж байсан нэгэн тайж язгууртны охин Гүнчидмаа гэгч нутаг усандаа гайхагдсан сайхан бүсгүй байжээ. Гүнчидмаа гүн хүний охин бөгөөд Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард дуут хэмээх Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилан суухаар нууцхан тохиролцсон аж. Дуут Дорлиг нь сайхан дуулдгаараа нутаг усандаа алдартай. Дорлиг нэгэн удаа Бээжинд жин тээж очиход хятад худалдаачид худалдах барааг нь зүгээр авч луйвардах гэсэнд пүүсийн данжаадтай муудалцаж, баривчлагдан Хятадын шоронд хоригдож, тэндээсээ арга ухаан сүвэгчлэн оргож эх нутагтаа буцах замдаа “Хулсан ташуур” хэмээх ардын дууг зохиосон түүхтэй. Нутаг усандаа ирээд хайрт хүүхэн Гүнчидмаатайгаа уулзахын алдад муу санаат хүмүүс тамгын газар мэдэгдэж, түүнийг баривчлуулжээ. Баригдахынхаа өмнө хайрт бүсгүйдээ авчирсан бэлгээ анд нөхдөөрөө дамжуулж өгүүлээд хэл хүргүүлжээ. Гүнчидмаа нь Дорлигийнхоо учир байдлыг мэдээд хэдэн бадаг дуу мөн зохион дуулсан гэдэг. Дорлигийг баривчлан манж амбанд хүргэхээр авч явах зуурт нутгийн хэдэн залуус Гүнчидмаагийн хамт Дорлигийг булаан авахаар хоноглох газарт нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос:

Уул нь өндөр болов чиг

Урдуур нь гардаг замтай даа

Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө

Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз

Ус нь гүнзгий болов чиг

Угтаад гардаг гарамтай даа

Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө

Уулзан суухыг бодох уу даа яая даа байз

Далай өргөн болов чиг

Даваад гардаг ч болдог юм даа

Дассан хонгор хүү минь дээ хө

Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз хэмээн дуулан мэдэгджээ. Орой ч болж од мичид гялалзах үеэр Дорлигийг нөхөд нь суллаж Дорлиг, Гүнчидмаа хоёрыгоо хошуу алгасуулан явуулсан гэгддэг. Тэд Сайн ноён хан, Засагт хан аймгийн хошуу нутаг дамжин өртөөлж явсаар Өвөрмонголын нэгэн хошуунд таалал болсон гэдэг домогтой.