images

“Бид нэг ангийнхан”


“Гурван бүдүүн” хамтлагийн дуулсан “Бид нэг ангийнхан” дууны шүлгийг зохиосон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Отгонбаяр энэ дууны бүтсэн түүхийг манай сайтад ярилаа.

     “Гурван бүдүүн” хамтлаг бол миний уран бүтээлийн алтан хамтрагчид юм. Энэ хамтлагийн дуучин, тэнгэрийн орноо заларсан Мөнгөншагай андыгаа  дурсмаар байна. Бид хамтарч 11 дуу хийсний анхных нь “Бид нэг ангийнхан”. Би Завхан аймгийн Их-Уул сумын уугуул хүн л дээ. Тэгээд манай сумын сургуулийн нэг ангийн төгсөгчид санаачлан 20 жилийн ойгоороо сайхан дуутай больё гээд “Чи ангийнхан дундаасаа шүлэг, яруу найраг оролддогоороо үгийг нь бич” гэснээр би шүлэг бичих даалгавар авсан юм. Ингээд хоёр жил бодож байж бичлээ. Яагаад ингэж удаан бодов гэхээр ангийнхны тухай дуу маш олон учраас тэр бүхнийг судалж, тэр дуунуудаас арай ондоогоор хийвэл ямар бол гэж бодож, дахин давтагдашгүй хувилбарыг гаргахыг их хичээсэн. Тэгж явсаар хотын замд түгжрээд явж байтал гэнэт л үг нь орж ирсэн дээ. “Ханасан бодлыг шүлэг гэнэ” гэдэг шиг ханасан юм байлгүй. Гэв гэнэтхэн л “Хоёрхон хоноход саначихдаг Хонгор багын андууд минь Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь” гээд л шүлэг нь ороод ирлээ. Машин дотор явж байсан болохоор бичих бал, цаас олдоггүй. Тэгэхээр нь гар утасныхаа дуу хураагуур дээр бичсэнээр шүлэг нь анх төрж байлаа. Анх бичсэн үгэнд нь ер засвар ороогүй. Ингээд шүлэг бэлэн болсны дараа ямар дуучин, эсвэл хамтлагаар дуулуулах вэ гэдэг санал асуулга явуулсан. Манай төгсөлтийн 100 гаруй хүн байдгаас тавь гаруй хувь нь санал өгсөн байх шүү. Тэгээд нэг хүнээр бус хамтлагаар, хамтлаг хамтлагтаа эрэгтэй хамтлагаар дуулуулах нь дээр гэсэн шийдвэрт хүрсэн юм. Ингээд “Гурван бүдүүн” хамтлагаар дуулуулахаар болж анх удаа энэ хамтлагийнхантай танилцаж байлаа. Мөнгөншагай анд минь сайхан аялгуу хийсэн дээ. Тэр аялгуугаа мөн л түгжрэл дунд явахдаа зохиосон гэж ярьдаг байсан юм. Шүлэг нь ч тэр, ая нь ч тэр хотын түгжрэл дунд төрсөн дуу. Аяа хийчхээд их л догдолж Тасганы овоон дээр надад гитартай дуулж өгсөн бичлэг нь ч байдаг. Мөн манай ангийнхан энэ дуундаа зориулж сумын сургуулийнхаа урд нэгдүгээр ангид дөнгөж элсэн орж байгаа хүү, охин хоёрын хөшөө босгосон. Ер нь аливаа дуу олон жил дуулагдаад хөшөөтэй болдог бол энэ дуу төрөхөөсөө ч өмнө хөшөөтэй болсон юм. Ингээд дуу бэлэн болж төгсөлтийн ой ч тохиож “Гурван бүдүүн” хамтлагийнхан манай суманд очиж үнэ төлбөргүй задгай тоглолт хийж байлаа. Тухайн үед аймгийн төвд ч хийгээгүй задгай тоглолтыг сумын төвд хийж байна гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Зэргэлдээх Тосонцэнгэл, Архангайн Цахир сумдаас хүмүүс ирж үзсэн. Нийтдээ хоёр мянган хүн ирж үзсэн байх шүү. Харин дуугаа дүрсжүүлэхдээ Их-Уулд очиж мэргэжлийн жүжигчин тоглуулахгүйгээр тэндхийн хүүхдүүдийг тоглуулж хийе гэж найруулагч хэлээд бүгд л тэгж шийдлээ. Гэхдээ яг тэр арван жилийн хүүхдүүдийн онцлогийг харуулж хийе гэж зорьсон. Тэгээд хэдэн хүүхэд сонгон шалгаруулж аваад тоглуулав. Анхны хайрыг илэрхийлэх хэсэгт миний охин гол дүрд тоглож нэг хүүд үнсүүлдэг юм. Мөн миний найзуудын охид ч тоглосон. Яг л сумынхны амьдрал, тэндхийн хүүхдүүдийг харуулах гэж кино шиг л клип хийснийг “Сайхан болжээ” гэж хүмүүс одоо ч хэлдэг юм. Тухайн үеийн эрэгтэй гол дүрд сонгогдсон хүүхэд надархуу монхор хамартай байж таараад том болсон дүрд нь би өөрөө тоглосон доо. Хамарнаасаа болоод л тэр. Түүнээс биш би өөрөө тоглох бодол байгаагүй, найруулагчийн сонголт байсан юм. "Бид нэг ангийнхан" дуу бол үе үеийн нэг ангийнханд зориулсан бүтээл. Ингэж л мөнхөлсөн түүхтэй дуу.