images

Япон улсын төрийн дуулал


     “Кими га ё” буюу Япон улсын төрийн дууллыг  бид хоёр орны төрийн тэргүүдийн харилцан айлчлал, спортын тамирчдад шагнал гардуулах ёслол гэх мэтийн үеэр нэг бус удаа сонссон бий. Монголоор бол “Эзэн хааны төр” гэсэн утгатай энэ дууны шүлэг 794-1185 он буюу Японы эртний Хэйан улсын үед зохиогдсон бөгөөд дэлхийн хамгийн эртний төрийн дууллын үг гэгддэг. Мөн дөрөвхөн мөртэй тул дэлхийд хамгийн богинохон нь гэнэ. Харин аяыг нь хамаагүй хожуу буюу 1880 онд хааны ордны хөгжимчин Хиромори Хаяши зохиож, герман хөгжимчин Франц фон Эккерт европ ая данд зохицуулан найруулжээ. Улмаар мөн ондоо хааны төрсөн өдөрт зориулан анх удаа тоглосон байна. Мэйжийн үеэс (1868-1912), эхлэн энэ дуу Японы төрийн дуулал болж байсан хэдий боловч яг албан ёсоор төрийн дуулал болгож баталсан нь бүр хожуу буюу 1999 он ажээ. Тийн батлах үед ерөнхий сайд Обүчи Кэйзо, кими гэдгийг Үндсэн хуулиар тус улсын бэлгэ тэмдэг болох эзэн хааныг хэлж буй, хааны төр гэдэг нь Япон улсыг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлаж байв. Японы зүүнтнүүд энэхүү төрийн дуулал төдийгүй төрийн сүлдийг милитарист Японы бэлгэдэл хэмээн нэг бус удаа шүүмжилж ирсэн төдийгүй зарим багш дунд сургуульд дуулахыг хориглохоор оролдсон явдал ч гарч байжээ. Өнөөдөр “Кими га ё”-г төрийн албан ёсны бүх арга хэмжээ, цэрэг арми, спортын арга хэмжээн дээр эгшиглүүлдгийг монголчууд бид сүмо бөхийн башё өндөрлөх үеийн үйл явдлаар бэлхнээ мэдэх билээ.