images

“Арван тавны сар”


     Говийн ноён хутагт Данзанравжаа бараа бологч шавь нарынхаа хамтаар өвөрлөгчийн нутагт өөрийн байгуулсан сүм газруудаа эргэж, сүсэгтэн олон шавь нартаа адис ном айлтган удаан хугацаагаар явахаар болдог. Тэгээд холын аянд гарч явахдаа замын хажууд холгүйхэн байх нэг айлаар орохоор шийджээ. “Энэ айлаар нэг буугаад мордоё” гэсэнд хоёр бараа бологч нь нөгөө айлд нь түрүүлэн давхиж очоод “Танайд Говийн догшин ноён хутагт морилох гэж байна” гээд л тэвдүүлж гэнэ. Гэтэл тэр айлын ганц охин нь нойр хоолгүй болчихсон гөлрөө өвчтэй болоод хэвтэрт байгаад уджээ. Эцэг эх нь гэх хоёр хөгшний  найдвар бараг тасарч байсан ч гэрт нь ирсэн гэнэтийн зочны бэлгэтэй сайхан мэдээг сонсоод “Ээ гэгээнтэн минь, охины минь хойдхыг унших учиртай байж. Лавтай бурхны оронд залрах биз” гэж бувтнаад үлдэж гэнэ. Төдөлгүй бараа бологчид нь буцан ирж “Гэгээнтэн минь тэднийд очих хэрэг байна уу даа. Нэг гөлрөө солиотой хүүхэн, зөнөсөн өвгөн эмгэн хоёр л байна” гэжээ. Хутагт тэгтэл “Тэгэх тусам очих учиртай юм аа” гэсэнд цаадуул нь үг дуугүй дагажээ. Хутагтийг очиход өвгөн эмгэн хоёр охиноо босгоод орон дээрээ суулгачихсан дээл тэрлэгийг нь өмсүүлэх нь аядаад сууж байв. Хутагт мэнд усаа мэдэлцээд гэрт орж, өнөөх охиныг харснаа “Энэ хүүхэд босно оо, эдгэлгүй яахав” гэж хэлжээ. Гэтэл охин хутагт руу гөлөрсөн нүдээ гайхах аястай эргүүлэн харснаа “Энэ чинь юу билээ, Нөгөө миний бэтгэртлээ хүлээсэн хайрт залуу минь биш байгаа” хэмээн бодож, горьдлого төрөөд явчихжээ. Тэр өдрөө хутагт хөсөг жингээ өнөөх айлын гадаа буулгаж, охин өвгөн эмгэн гуравт хүнс хишиг хайрлаж, "Арван тавны сар" нэртэй дуу дуулж өнжжээ. Тэд ч бөөн хөөр болж, охины ч нүд сэргээд тамир муутай ч гэсэн өндийж суугаад дагаж дуулан, төдөлгүй өнөөх дууг нь сурч гэнэ. Тэгээд хутагт “ За охин минь энэ дуугаа өдөрт гурван удаа дуулж байгаарай, орой тэргэл сар гарахад дуулаад байвал бие чинь удахгүй тэнхэрнэ ээ. Буян заяа чинь тэгширнэ гайгүй” гэжээ. Хутагт нэлээн олон хоног сүм хийдүүдээр явж мөргөлч шавь нартайгаа уулзаад буцахдаа нөгөө айлаар дайрвал охин нь царай зүс орчихсон, хадаг барин угтсан гэдэг. Уул охиныг сайхан дуулдаг болохыг таньсан учир хутагт дэргэдэх дууч хөгжимчдийн нэгээр авч, аав ээжтэй нь нүүлгэн авчирсан байна. Ингэж л хий өвчинд шаналсан охины сэтгэлийг засахын тулд уяралтай сайхан дуу зохиож өгсөн нь түүнийг эмчилсэн ажээ. Энэ дуу Өвөр Монголд ч нэлээд алдартай бөгөөд уртын болон ардын дуучид олон янзаар дуулсан байдаг.