images

"Хилийн заставын хар нүдэн бүсгүй"


“Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хээр талын хээнцэрхэн сарнай

Хэний ч хүүгийн хайрыг булаасан

Хэнзхэн соёолох ганган сарнай” хэмээх дуу нь одоогоос 35 жилийн өмнө бүтжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач гавьяат Д.Бадарч, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” хэмээн алдаршсан гавьяат дуучин Г.Батбаяр, Амгалан нарын уран бүтээлчид Сулин хээрийн заставm очиж байв. Тэднийг оройн хоол зооглох үед нэгэн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байж таарчээ. Тэр бүсгүй ихэд царайлаг агаад хамгийн бага офицерын гэргий гэдгийг сонсоод найрагч Ш.Дулмаагийн сонирхлыг ихэд татаж байв. Тухайн үед Ш.Дулмаа “Шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн бүсгүй хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн ихэд бодсон гэдэг. Түүний амьдралын талаарх бодолдоо хөтлөгдсөөр нэг мэдэхэд хэдэн шүлгийн мөртүүд толгой дотор нь ороод ирж гэнэ.

Тэгээд маргааш өглөө нь

“…Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай…”  хэмээх бадаг санаанд нь буусан аж. Тэгээд найрагч “Зүрхний наран” хэмээх дуугаа бичээд, хөгжмийн зохиолч Л.Магсаржавт үзүүлхэд ихэд олзуурхаж “аялгуу хийсэн түүхтэй. Тэр эмэгтэйг Хүрэнбандийн Эгиймаа гэх бөгөөд 1977 онд арван жилийн сургуулиа төгсч, Москвагийн урлагийн дээд сургуульд суралцаж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн багш мэргэжлээр Монгол улсын их сургуульд суралцан, 1984 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн отрядад нөхрөө дагаад очсон байж. Тэрбээр залуу насаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставын дарга, нөхөр Дамдины Энхжаргалын хамт элээжээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн бөгөөд сумынх нь  80 жилийн ойн номон дээр “Эрдэнэдалай сумын сайхан бүсгүй” гээд зуны ажлаар очсон залуус барааг нь харахаар гүйлддэг байсан тухай бичээд зургийг нь тавьчихсан байдаг гэнэ.

Эх сурвалж: News.mn