images

"Оройтсон бороо"


         Гучин жилийн турш монголчуудын дуулах дуртай дуу хэвээр байгаа “Оройтсон бороо” дууны шүлгийг яруу найрагч Б.Туяа бичиж, дуучин М.Бямбажав агсан цэргээс халагдаж ирүүтээ 19 насандаа аяыг нь зохиож улмаар өөрөө дуулж байжээ. М.Бямбажав агсныг банзан гитар дээрээ ая зохиож энэ дууг дуулахаас өмнө ч Эрхүүд мөн Улаанбаатарын хаа нэгтээ хэд хэдэн хөгжмийн зохиолчид ая бичиж гурав дөрвөн ч янзаар дуулсан байна. Харин яруу найрагч нь тэртээ 1974 онд “Оройтсон бороо” шүлгийг бичээд дарчихсан байсныг дүү нь олж найз нөхдөдөө задалснаар хүмүүс ая зохион дуулж нэгэнт олны хүртээл болчихжээ. Тиймээс Б.Туяа найзуудынхаа зөвлөгөөгөөр Б.Явуухулан дээр очиход хоёрхон үгийг нь засаад, “Охин минь, болчихжээ болчихож. Би чиний дууг баталчихлаа. Ингээд чи нэг сайхан дуутай боллоо. Дуу гэдэг маш сайхан шүү дээ. Чи хичнээн зузаан мянган том роман бичээд нэг сайн дууны чинь энд хүрэхгүй. “Цэнхэр дурдан алчуур”-ыг сана даа. Дуу бол хүн бүхэнд хүрч чаддагаараа гайхамшигтай. Ганц дуу ч ганцдахгүй. За ингээд, гарын таван хуруу шиг таван сайн дуутай болчихвол зохиолч хүн болоод явчихна даа” гэж урмын үг хайрласан байна. Яруу найрагч Б.Туяа нь үргэлжилсэн үгийн зохиолч бөгөөд Карл Марксын их сургуульд олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн Монголын анхны таван оюутны нэг ажээ. Харин дуучин М.Бямбажав агсан энэ дууг дуулснаасаа 30 жилийн дараа буюу 2017 онд анх удаа дүрсжүүлж, дуучин Т.Аминатай хамтран дуулсан билээ.