images

Ховсчийг яриулсан нь


   Эрдэмтэн Б.Ринчен гуай залуудаа манай Монголын ховсч хүнтэй уулзаж ярьсан тухайгаа ярьсан юм. Ринчен гуайн уулзсан тэр хүн “Багш надад заахдаа шүд унахаар ховс хийж чадахаа больдог гэсэн, би шүдээ унаснаас хойш ховсдож чадахаа больсон” гээд ховс хийж үзүүлээгүй гэнэ. Та ховс хийж явсан тухайгаа яриач гэж шалж гуйж байж нэг тохиолдлыг яриулсан гэнэ. Ховсч өөрөө оролцож хэдүүл тэмээн жингээр өмнө зүг алс явах зуурт амны усаар тасраад худаг устай газар хүртэл маш хол байж гэнэ. Хүн малгүй цангаж зутраад явах тэнхэлгүй болоход нөхөд нь “Чи нэг аргалж үз” гээд шахаад байж гэнэ. Тэгээд явж байтал орой бүрий болж хэрэв шөнө нь хоновол маргааш нь бүр зутрах, нэг шөнийг алдаад, өдрийн халуунд улам цангах болоод хэцүүдэж гэнэ. Тэгтэл ховсч “За одоо үдэлнэ. Цай чанаж ууна. Тэмээгээ усална. Тэгээд даруй хөдөлж худаг усны бараа харах хүртлээ шөнөжин явна шүү” гэж хэлж гэнэ. Нөхөд нь ч зөвшөөрч. Цөм түр буудаллаж, галаа түлж гэнэ. Ховсч “За тогоогоо тавь!” гэж, хөтөч ч тогоогоо тавьж гэнэ. “За би ус дүүргэе” гээд л ховсдоход тогоонд ус мэлтэлзээд ирж. Буцалгаад л, цай, давс үйгээд л ховсч өөрөө аягалаад цөмд нь уулгаж, нөхөд нь хөлрөөд л ууж гэнэ. Дараа нь “За тэмээгээ усалья” гээд тогоонд дахин ус мэлтэлзүүлж тэмээдээ услаад “За хөдөлнө шүү” гээд л хөдөлчихсөн. Тэгж явж нэг юм усны бараа харсан даа гэжээ.
   Ринчен гуай тэгэхэд нь “Тэр тогоонд тэгээд ус үнэхээр байсан хэрэг үү?” гэж асуухад “Юуных нь ус байх вэ дээ. Ховсдох гэдэг чинь л тэр байхгүй юү. Байхгүй юмыг байгаа юм шиг болгодог юм” гэсэн аж. Ринчен гуай тэр ховсчоос Та харь хүнд хийж чадах уу? гэхэд “Монгол хэл мэддэг бол чадна гэсэн гэнэ. Тэгэхлээр хүний хэл, сонсголтой хамаатайгаар сэтгэлийг нь захирдаг арга юм байна гэж Ринчен гуай ярьсан юм.

Эрдэмтэн Д.Төмөртогоогийн дурсамжаас.