images

“Зандан шоо”


Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн ая, Ж.Бадраагийн үг "Зандан шоо" хэмээх дууны түүхийг хүргэж байна.

     Хөгжмийн зохиолч Г.Бирвааг залуу байхад нь түүний аав Гончиг Хан Хөхий хошууны Чүлтэм гэх хүнээс морь худалдан авч өгчээ. Түүнд өгсөн морь нь хүрэн зүстэй сайхан адуу байсан учир "Зандан шоо" хэмээн нэрийдсэн байна. Морины хорхойтой Г.Бирваа энэ хүлгээ сойж, уяад нутаг усныхаа айлуудаар буудаг байжээ. Сүүлдээ морийг нь үзэж, харсан хүмүүс гайхам галбир, өнгө зүсийг магтан сайшааж үнэ хаялцдаг болсон аж. 1949-өөд оны үед нас ахисан "Зандан шоо"-г нутгийн малчин тугалтай таван сайн үнээ өгөөд авъя гэж хоргоож байсан ч түүхтэй гэнэ. Тийм нэртэй, зүстэй адууг олон хүн ч гуйж нэг үзсэний эцэст түүний аав нь “Нэг танил маань азарга, гурван гүүгээр арилжъя ” гэж байна хэмээн хэлж зөвшөөрүүлсэн гэдэг. Төд удалгүй өнөөх авсан хүн нь 80 гаруй адуутай болж, түүний сайн морины буян хишгийг бэлгэшээн "Зандан шоо" нэрийг нь "Бирваагийн шарга" хэмээн нэрийдсэн аж.

    Г.Бирваа өөрийн "Зандан шоо" мориныхоо тухай Ж.Бадраад нэгэн зоогийн газар ярьж сонирхуулснаар дуу болох эхлэл нь болжээ. Энэ дууг анх радиод дуучин Ж.Нансалмаа бичүүлж олонд таниулсан бол Баянхонгор аймгийн жүжигчин Б.Санги, Д.Цэрэнсодном нар баян хуур, морин хийл хөгжимтэй ч дуулж байжээ.

Г.Бирваа гуайн аав Гончиг сайн хуурч байсан учир энэ дууны үгэнд

"Хуурчин эцэг нь хазаарлаад

Дуучин хүүдээ эмээллэсээр" хэмээн бичсэн нь Ж.Бадраа агсны торгон мэдрэмжийн илэрхийлэл аж.

Зураг дээр: Хөгжмийн зохиолч Г.Бирваа