images

"Сүлд модны наадам"


   Уран бүтээлийн дотно андууд болох дууны шүлгийн нэрт төлөөлөгч Ж.Бадраа, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нар шинэ жилийн тухай ард түмний сэтгэлд хүрсэн дуу ховор болохыг анзаарч шинэ жилийн дуу хамтарч хийхээр ярилцжээ. Шинэ дуу бүтээх яриа өрнөөд удаагүй байтал Б.Бадраа агсан С.Гончигсумлаа руу утас цохих нь тэр. Тэрээр сүлд модны наадам хэмээх шүлэг бичээд түүнд утсаар сонсговол даруй аялгуу нь ороод ирсэн гэж суут хөгжмийн зохиолч дурссан байдаг. Ингээд яруу найрагч нөхрийгөө гэртээ урьж, хүүхдүүд нь сүлд модоо засан бужигнаж байхад төгөлдөр хуур дээр дууны анхны нотыг эгшиглүүлжээ. 

     1962 онд Ардын жүжигчин Б.Зангад Хөгжим бүжгийн сургуульд багшилдаг байв. Тэр үед хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа Монголын радиод хөгжмийн ерөнхий редактор хийж байсан бөгөөд шинэ дуу, уран бүтээлийн бэлтгэл гээд ажил нь ид бужигнаж байх үеэр Б.Зангад руу ярив гэнэ. Тэгээд “Чи нэг манай хөгжмийн редакцад хүрээд ирээч. Би сүлд модны тухай дуу хиймэр болсон юм” гэжээ. Б.Зангад ч “Ийм хүндтэй хүн над руу ярьж байхад яаж үгүй гэх вэ” гээд тэр даруй л зөвшөөрч, хөгжмийн редакц дээр нь гүйхээгээрээ очиж гэнэ. Түүнийг очиход "Даруйхан ажилдаа орьё" гээд дууныхаа талаар ярьж өгч, сонсгоод “Энэ дууг симфони оркестр дээр хийгээгүй, төгөлдөр хууртай хамтатгана. Бас Улсын хөгжимт театрын найрал дуучдын эмэгтэйчүүдтэй хамтарч дуулна шүү” гэжээ (тухайн үед дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдаагүй байв). Ингээд дуучин Б.Зангад 1962 оны 12 дугаар сарын 25-нд дуугаа сонсож дөрөв хоногийн дараа хоолой бичлэгтээ ороод шинэ жилээр цацсан байна. Тухайн үед Монголын радиод хоолой бичлэгтээ орохдоо Б.Зангад 20 гаруйхан настай байсан бөгөөд гавьяат жүжигчин Бандийн гэргий төгөлдөр хуур дарж,  хөгжмийн зохиолч Гончигсумлаа өөрөө удирдан найруулснаар "Сүлд модны наадам" дуу ийнхүү богино хугацаанд бүтжээ.