images

“Feliz Navidad”


     Пуэрто Рико гаралтай дучин Хосэ Фелисиано энэ дууг 1970 онд гаргасан “José Feliciano Christmas Album” хэмээх цомогтоо хамгийн анхны дуу болгон оруулжээ. Дуу нь өөрөө шүлэг гэхээр юм үгүй, Зул сар, Шинэ жилийн баярын хэд хэдэн янзын мэндчилгээг испани, англи хэлээр ар араас нь хэлдэг тийм л үгтэй юм. Тухайлбал англиар “I wanna wish you a merry Christmas from the bottom of my heart” буюу “Зул сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье” гэх мэт. Гэвч гарсан цагаасаа эхлэн Зул сарын баярын хамгийн алдартай дууны нэг болж ирсэн төдийгүй баярын сэдэвтэй бүхий л урсгалын дэлхийн шилдэг 25 дууны жагсаалтад байнга багтаж иржээ. 

   Фелисиано Зул сарын баярын үеэр Нью-Йорк хотын студид дуу бичүүлэхээр сууж байхдаа, гэрийнхэнтэйгээ баяр тэмдэглэн хөгжилддөг байснаа мөрөөдөн санасны улмаас энэ дууг зохиосон гэдэг. “Бид Зул сарын баяраар ах дүү нар олуулаа нэг дор байж, үндэсний хоолоо идэж, ром ууж, зогсоо зайгүй дуулан асар их баяр хөөртэй байдаг байв. Тэр баяр хөөрөө тэсгэлгүй санагалзсан сэтгэлээс энэ дуу өөрийн эрхгүй урган гарсан” хэмээн тэрбээр хожим ярьжээ. 

   Фелисианогийн өөрийнх нь амьдралын түүх ер бусын. Тэрбээр удамшлын өвчний улмаас эхээс төрөхдөө хараагүй байжээ. Тэднийх 11 хүүхэдтэй айл бөгөөд хүүг 5 настай байхад буюу 1950 онд АНУ-д гэрээрээ ирж суурьшсан байна. Хосэ хүү гитараас гадна төгөлдөр хуур зэрэг олон хөгжмийг багаасаа тоглож сурсан, хөгжмөөс салдаггүй хүүхэд байв. 17 настайдаа сургуулиа хаяж, гэрийнхнээ тэжээх мөнгө олохоор Нью-Йоркийн клубүүдээр явж тоглох болсон байна. Тэр жилээ буюу 1962 онд Детройт хотод аялан тоглолт хийх гэрээ хийв. 1966 онд Аргентинд болсон хөгжмийн наадамд оролцсоноор цомог бичүүлэх урилга авч, улмаар гурван жижиг цомог бичүүлснийхээ дараа латин Америктаа алдартай дуучин болжээ. Улмаар өөрийн гэсэн хамтлагаа байгуулж, цомог нь сая сая хувиар зарагдах болов. 1969 онд “Грэмми”-ийн шагналд хоёр ч номинациар нэр дэвшсэнээс гадна хилийн чанадад олон удаа аялан тоглосон байна. 1987 онд Холливүүдийн алдартнуудын цэцэрлэгт түүний нэртэй таван хошуу байрлуулсан бол 1995 онд Нью-Йорк хотын нэг дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон түүхтэй.