images

Хунгийн сүүлчийн дуу


     Оросын сонгодог зохиолч А.Чеховын зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хунгийн сүүлчийн дуу” киног жүжигчин Аси буюу Р.Алтансүх агсан 2012 онд “Twin film” продакшны уран бүтээлчидтэй хамтран найруулснаас гадна кинондоо зориулж сайн дуу хийхэд ихэд анхаарчээ. Тэрбээр юуны өмнө хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Одыг сонгож, жүжигчний тухай дуу хийхийг хүсч явснаа хэлж, киноны үйл явдал, санааг тайлбарлаж өгөөд, цаг давчуу байгаа хэмээн шавдуулжээ. Улмаар Т.Сэр-Од ч сэтгэлд нь хүрсэн сайхан аялгуу хийв. Харин тэд дуугаа Т.Ариунаагаар дуулуулна хэмээн бат нут шийдэж “Чи л дуулж чадна” хэмээн тулгажээ. Ингээд хөгжим, дуучин хоёроо олчихсон уран бүтээлчид дууны шүлгийн эрэлд гарав. Хэд хэдэн яруу найрагчид хүсэлт өгч нэгийг нь сонгоод Т.Ариунаад сонсговол дуучин үгийг нь ихэд голжээ. Тэгээд ч хөгжмийн зохиолч, кино найруулагч хоёрт дууны үг хангалтгүй санагдаж байсан аж. Ингээд Т.Ариунаа яруу найрагч Х.Болор-Эрдэнийг санал болгож “Тэр л дууны аяыг сонсоод шүлэг бичиж чадна” гэжээ. Энэ тухай дуучин “Дууны ая, шүлэг хоёрыг өөрөөрөө дамжуулж хүргэдэг дуучин хүнд үг нь таалагдах ёстой. Би киног, дууны үгийг ойлгож чин сэтгэлээсээ дуулахыг хүссэн” хэмээн ярьсан юм. Улмаар Х.Болор-Эрдэнэ аяыг сонсоод гэр рүүгээ авч явснаар хэд хоногийн дараа шүлэг бэлэн болж бүгдэд таалагджээ. Тэрбээр хосоо алдсан хун хамгийн өндөрт гарч гуагчаад буцаад доош шунган амиа хорлодог шиг хүн гэгч шувууны сэтгэлийн драмыг дууны шүлгээр илэрхийлэхийг хүссэн байна. Тэр үед киноны нээлт болох дөхсөн тул жүжигчин Аси үе үе залгаж асууж, яаруулдаг байсан гэнэ. Үүний дараа хөгжмийн найруулагчаар поп опера дуу хийж чадах хүн хайсаар эцэст нь Б.Алтанхуягийг сонгов. Тэр эхлээд дуучин Т.Ариунаагийн поп стильд тааруулан бөмбөртэй хөгжмийн найруулга хийснийг дуучин нь голжээ. Тэр мелодрам маягийн уянгалаг гуниглам хөгжмийн найруулга хүсч байсан тул дотроо яаж төсөөлж байснаа бүгдийг нь тайлбарлаж санал зөвлөмж өгснийг Б.Алтанхуяг хүлээж авснаар энэ дуу бүтжээ. Ийнхүү хөгжим, шүлэг, хөгжмийн найруулга, дуучин бүгд бэлэн болтол Т.Ариунаа хамгийн сайн студид л дуугаа бичүүлнэ гэв. Киноны найруулагч Аси хэд хэдэн студи санал болговол дуучин “Би “Цагаан хаалга” студид дуугаа бичүүлнэ” гэжээ. Тус студи нь шинээр нээгдсэн, тоног төхөөрөмж сайтай газар байсан аж. Ингэж л сайн бүтээл хийх гэсэн уран бүтээлчдийн чин сэтгэлээр “Хунгийн сүүлчийн дуу” бүтжээ.

Эх сурвалж: "25" дугаар суваг телевиз "Дуу төрсөн түүх" нэвтрүүлгээс