images

Утай, Гүмбүм явсан нь   


    Нэгэн мянга есөн зуун гучаад оны хэлмэгдлийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэгэн лам нутгийн нэг лам өвгөн дээр морьтой давхиж ирэв. Тэгээд тэр өвгөнөөс нөгөө лам “Чи хө, Утай Гүмбүм явах уу?” гэж асуужээ. Нөгөө өвгөн гайхаж, энэ чинь ухаан санаа нь зүгээр байгаа даа гэж бодоод “Явахгүй ээ” гэжээ. Нөгөө лам цааш яваад өөр нэг лам дээр очоод нөгөө асуултаа асуужээ. Тэгсэн тэр лам “Би явна аа” гэжээ. Нөгөө лам “За тэгвэл маргааш үд дунд явна шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж хэлээд давхиад явжээ. Маргааш өдрийн үд дунд “Явна” гэж хэлсэн лам санаж бодсон ч юмгүй, зун болж байсан үе учир гэрээ нимгэлж, дээвэр туургаа буулгаж байв. Тэгтэл үд дунд болж байх үед тэр лам дээврээ буулгаж байснаа шууд харуулдаж ойчоод амьсгаа хураажээ. Энэ үед нөгөө морьтой очсон лам ч таалал төгссөн байжээ. Энэ нь биеэрээ Утай Гүмбүм орох биш, сүнсээрээ тэнд очиж төрөхийг хэлсэн хэрэг байжээ. Сүүлд “Явахгүй” гэж хэлээд үлдсэн лам амаа барьж “Даанч ингэнэ гэж мэдсэнгүй. Үүнийг нь мэдсэн бол явья л гэдэг байж” хэмээн шогширч суужээ.

“Монголын бурханы шашны аман түүх 2” номоос