images

“ТБД андууд”


     Нийслэлийнхэн төдийгүй нийт монголчуудын чихэнд хоногшсон нэгэн газар Баянгол дүүрэгт байдаг нь “ТБД андууд” төв билээ. Нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал энд байдаг нь мөн энэ төвийн нэрээр алдаршжээ. Энэ нэр 1994 оноос эхлэлтэй бөгөөд Германы Хумболдьтын их сургуульд хүнсний инженер-технологичийн мэргэжил эзэмшсэн 38 настай Дэндэвийн Тэрбишдагва гэдэг залуу, герман нөхдийн хамтаар ийм нэртэй худалдааны компани байгуулсантай холбоотой. Д.Тэрбишдагва байгуулсан компанидаа нэр өгөхдөө өөрийнхөө нэрэнд буй гурван үгийн эхний үсгийг авч ТБД болгов. Улмаар андууд гэсэн нь герман нөхдөө хэлжээ. “ТБД андууд” гэдэг нэр ингэж үүссэн түүхтэй. Германаас гутал импортлож эхлүүлсэн Д.Тэрбишдагвын бизнес ихээхэн амжилт олж өргөжсөн төдийгүй өөрөө тэрбээр улс төрд хөл тавьснаар 2000 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2002 онд ХБНГУ-д суух элчин сайд, 2004 онд УИХ-ын гишүүн болж, парламентад дахин хоёр ч удаа улиран сонгогдсон түүхтэй.